Лук 5:14-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Тэрээр хэнд ч хэлж болохгүй гэж түүнд тушаагаад,—Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд тэдэнд гэрчлэл болгон Мосегийн тогтоосон ёсоор цэвэршсэнийхээ төлөө өргөл өргө гэлээ.

15. Харин Түүний тухай зар улам газар авч, бүр олон хүмүүс Түүнийг сонсох гэж, мөн өвчнөө эдгээлгэхээр хуран цуглаж байв.

16. Харин Тэр Өөрөө дандаа сэмхэн зайлж эзгүй зэлүүд газар уруу явж, залбирдаг байлаа.

17. Нэгэн өдөр Түүнийг сургаалаа зааж байхад нь тэнд Иерусалим, Иудей болон Галилын бүх тосгодоос ирсэн хэсэг хуулийн сургагч нар болоод фарисайчууд сууж байжээ. Эдгээлтийг гүйцэтгэхийн тулд Эзэний хүч Түүнд өгөгдсөн байв.

18. Үзэгтүн, хэсэг хүн саа өвчтэй хүнийг дэвсгэртэй нь авчрав. Тэгээд дотогш нь оруулж, Түүний өмнө аваачих гэж хичээсэн боловч

19. үй олон хүнээс болж түүнийг дотогш нь оруулах аргагүй байсан тул тэд дээвэр дээр гарч, дээврээр тэр хүнийг дэвсгэртэй нь доош буулгаж, Есүсийн өмнө яг төвд нь тавив.

20. Тэдний итгэлийг хараад Есүс—Анд минь, нүгэл чинь уучлагдсан гэхэд

21. хуулийн багш нар болон фарисайчууд—Бурханыг доромжлон ярьж буй энэ хүн хэн гэгч вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах юм бэ? хэмээн дотроо бодоцгоожээ.

22. Харин тэдний бодлыг мэдсэн Есүс тэдэнд—Та нар яагаад ингэж бодов?

23. “Нүгэл чинь уучлагдлаа” гэж хэлэх, эсвэл “Босоод алх” гэж хэлэхийн аль нь амархан бэ?

24. Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд саа өвчтэй хүнд—Би чамд хэлж байна. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэв.

25. Даруй өнөө хүн тэдний өмнө босож, дээр нь хэвтэж байсан юмаа аваад, Бурханыг алдаршуулсаар гэрийн зүг явжээ.

26. Тэд бүгдээрээ мэл гайхаж, Бурханыг алдаршуулж эхэлсэн бөгөөд—Бид өнөөдөр мөн ч гайхалтай зүйлс харлаа гэцгээн бүгд айдаст автсан байлаа.

27. Дараа нь Тэр гарч яван, татвар хураагч Леви гэгч хүнийг татварын газар суухыг хараад,—Намайг дага гэж түүнд хэлэхэд

28. тэр хамаг юмаа ардаа орхин босож, Түүнийг дагалаа.

29. Леви Есүст зориулж гэртээ том зоог барив. Тэнд олон татвар хураагчид болон өөр хүмүүс тэдэнтэй хамт ширээнд тухлан сууж байжээ.

30. Фарисайчууд, мөн тэдний хуулийн багш нар—Та нар чинь яагаад татвар хураагчид болон нүгэлтнүүдийн хамт идэж, ууж байдаг билээ? гэж Түүний шавь нарт дургүйцэн хэлэхэд

31. Есүс тэдэнд—Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй.

32. Би зөвт хүнийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм гэв.

33. Тэд Түүнд—Иоханы шавь нар байнга мацаг барьж, залбирлаа өргөдөг. Фарисайчуудын шавь нар ч мөн адил үйлддэг. Харин Таных идэж, ууцгаах юм гэсэнд

Лук 5