Лук 24:41-53 Ариун Библи, 2004 (АБ2004)

41. Тэд баярлан, гайхсандаа итгэж ядан байхад нь Есүс тэднээс—Та нарт идэх юм байна уу? гэж асуухад

42. тэд хайрсан загас Түүнд өгөв.

43. Тэр загасыг авч, тэдний өмнө иджээ.

44. Тэгээд Тэр тэдэнд ингэж айлдав.—Та нартай хамт байхдаа Миний ярьж байсан үг ийм болой. Энэ нь Мосегийн Хууль, Эш үзүүлэгчид болоод Дуулал дахь Миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гээд

45. Судрыг ухааруулахын тулд тэдний оюун ухааныг нээв.

46. Есүс тэдэнд хандаж—“Христ зовлон эдэлж, гурав дахь өдрөө үхэгсдээс амилах болно.

47. Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд Түүний нэрээр нүглийн уучлалын гэмшил тунхаглагдах ёстой” гэж бичигдсэн юм.

48. Энэ бүхний гэрч бол та нар мөн.

49. Харагтун, Би Эцэгийнхээ амласныг та нарт илгээнэ. Харин та нар дээрээс ирэх хүчийг өмстлөө энэ хотдоо үлд гэжээ.

50. Тэгээд Тэр тэднийг Бетан хүртэл дагуулан явлаа. Есүс мутраа өргөн тэднийг ерөөв.

51. Тийнхүү ерөөж байхдаа Тэр тэднээс салж, тэнгэр өөд оджээ.

52. Тэд үлэмж баяр хөөртэйгөөр Иерусалим уруу буцав.

53. Тэгээд Бурханыг магтан, сүмд байнга байх болсон ажгуу.

Лук 24