Лук 23:36-51 Ариун Библи, 2004 (АБ2004)

36. Цэргүүд хүртэл Түүнийг дооглон, дэргэд нь ирээд Түүнд гашуун цуу өгч,—

37. Хэрэв Чи иудейчүүдийн Хаан мөн юм бол, Өөрийгөө авраач гэлээ.

38. Түүний дээд талд «Энэ бол иудейчүүдийн Хаан» гэж бичсэн пайз байлаа.

39. Тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь Түүнийг доромжилж,—Та чинь Христ биш бил үү? Өөрийгөө, бас биднийг авраач! гэв.

40. Харин нөгөө нь түүнийг зэмлэн—Чи адилхан ялд унасан атлаа Бурханаас айхгүй байна уу?

41. Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү гээд

42. тэр—Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд ирэхдээ намайг санаарай гэв.

43. Тэгтэл Есүс түүнд—Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно гэлээ.

44. Энэ нь зургадугаар цагийн орчим байсан бөгөөд есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөв.

45. Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон урагджээ.

46. Есүс—Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгалаа хураав.

47. Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан—Энэ хүн үнэхээр гэмгүй хүн байжээ гэв.

48. Юу болохыг харахаар тэнд хамтдаа ирсэн ард олон болсон явдлыг хараад, цээжээ дэлсэн буцан явж байв.

49. Есүсийг Галилаас дагасан эмэгтэйчүүд болоод Түүнийг таньдаг бүх хүмүүс энэ бүхнийг алсаас ширтэн зогслоо.

50. Үзэгтүн, Зөвлөлийн гишүүн Иосеф гэгч сайн, зөвт нэгэн байв.

51. (Тэр тэдний шийдвэр, үйл хэрэгтэй санал зөрсөн юм) Иосеф иудейчүүдийн хот болох Ариматын хүн байсан бөгөөд Бурханы хаанчлалыг хүлээж байжээ.

Лук 23