16. Харин та нарыг эцэг эх, ах дүүс, садан төрөл, анд нөхөд чинь хүртэл бариулна. Тэд заримыг чинь ална.
17. Миний нэрнээс болж бүгд та нарыг үзэн ядах болно.
18. Гэсэн хэдий ч та нарын толгойн дахь ширхэг үс чинь ч устахгүй.
19. Та нар өөрсдийн тэвчээрээр амиа олж авна.
20. Харин Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын эзгүйрэх нь ойрхон буйг мэдэх болно.
21. Тэгэхэд Иудейд байгаа хүмүүс уулс уруу зугтаг, хотод байгаа хүмүүс тэндээс гараг. Хөдөө байгаа хүмүүс хот уруу бүү орог.
22. Юу гэвэл бичигдсэн бүх зүйлс биелэгдэхийн тулд энэ нь өшөө авалтын өдрүүд байх юм.
23. Тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй еэ! Учир нь газар дээр үлэмжийн гамшиг болох бөгөөд энэ ард түмний дээр уур хилэн байх болно.
24. Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харь үндэстний цаг гүйцэх хүртэл Иерусалим харь үндэстнүүдийн хөл доор талхлагдах болно.
25. Нар, сар, одод дээр тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө.
26. Тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдсэнээс болж дэлхийд ирж буй зүйлсийг тэд санаж, айснаасаа ухаан алдана.
27. Дараа нь тэд хүч болон агуу сүр жавхлантайгаар үүлэн дээр залран ирэх Хүний Хүүг харна.
28. Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт ойртож байна гэв.
29. Тэгээд Тэр тэдэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав.—Инжрийн мод болон бүх моддыг хар.
30. Та нар тэдгээрийн нахиалахыг хараад зун ойрхон байгааг мэддэг.
31. Түүнчлэн та нар ч гэсэн эдгээр зүйлс болохыг хараад Бурханы хаанчлал ойрхон байгааг мэдтүгэй.