Лук 2:38-50 Ариун Библи, 2004 (АБ2004)

38. Энэ мөчид Анна хүрч ирж, Бурханд талархал өргөөд, Иерусалимын золилтыг хүлээж байсан бүхэнд Түүний тухай үргэлжлүүлэн ярив.

39. Тэд Эзэний Хуулийн дагуу бүгдийг гүйцэлдүүлсний дараа Галил уруу өөрсдийнхөө Назар хот уруу буцжээ.

40. Хүүхэд өсөж, хүчирхэг болон мэргэн ухаанд боловсорсоор байлаа. Бурханы нигүүлсэл Түүн дээр байсан юм.

41. Түүний эцэг эх жил бүр Дээгүүр Өнгөрөх баяраар Иерусалим уруу явдаг байв.

42. Түүнийг арван хоёр настай байхад нь Баярын заншил ёсоор тэд мөн тийш явцгаав.

43. Тогтсон хоногуудын тоог гүйцээсний дараа тэд буцахад Есүс хүү Иерусалимд үлджээ. Эцэг эх нь ч үүнийг анзаарсангүй.

44. Харин Түүнийг жингийн цуваан дунд яваа хэмээн бодож, аяныхаа нэг өдрийг ардаа өнгөрөөжээ. Тэд Түүнийг төрөл садан болоод танилуудынхаа дунд хайж эхлэв.

45. Тэд Түүнийг олсонгүй. Тэгээд Есүсийг хайн Иерусалим уруу буцан ирэв.

46. Гурван өдрийн дараа тэд Түүнийг сүмд багш нарын дунд суугаад тэднийг сонсож, мөн тэднээс асууж байхад нь олжээ.

47. Түүний ухаан болон хариултууд нь Түүнийг сонссон бүхний гайхлыг төрүүлж байв.

48. Тэд Түүнийг хараад гайхаж, эх нь Түүнд—Хүү минь, Чи юунд бидэнд ингэж хандав? Эцэг бид хоёр чинь санаа зовон Чамайг эрж хайлаа гэхэд,

49. Тэр—Та нар юунд Намайг хайсан юм бэ? Эцэгийнхээ гэрт байх ёстойг минь та нар мэдсэнгүй гэж үү? гэв.

50. Түүний хэлсэн үгийг тэд ойлгосонгүй.

Лук 2