3. Тэгтэл тэр нярав өөртөө “Эзэн маань нярвын ажлаа надаас авч байгаа тул би яах вэ? Би чинь газар ухах хүч тэнхээгүй. Гуйлга гуйхаасаа би ичиж байна.
4. Юу хийхээ би мэдлээ. Нярвын ажлаасаа халагдвал тэд намайг гэртээ хүлээн авах болно” хэмээгээд,
5. эзэнд нь өртэй хүн бүрийг дуудаад эхний хүнээс “Чи миний эзэнд хир өртэй вэ?” гэсэнд
6. тэр хүн “Зуун хэмжүүр тосны өртэй” гэхэд мөнөөх зарц “Дансаа ав. Даруй суугаад тавь гэж бич” гэжээ.
7. Тэгээд нөгөөд нь “Чи хир өртэй вэ?” гэв. Тэр “Зуун хэмжүүр улаан буудайн өртэй” гэхэд нь “Дансаа ав. Ная гэж бич” гэлээ.
8. Шударга бус нярвынхаа ухаалаг үйлдлийнх нь төлөө эзэн нь түүнийг магтан сайшаажээ. Учир нь энэ үеийн хөвгүүд өөрсдийн цаг үеийн хэрэгт гэрлийн хөвгүүдээс илүү ухаалаг ажээ.
9. Би та нарт хэлье. Шударга зөв эд баялгаараа өөрсдийн анд нөхөдтэй бол. Энэ нь эд хөрөнгө чинь үгүйрэх цагт, тэд та нарыг мөнх нутагт хүлээн авахын тул юм.
10. Хэн маш бага юманд итгэмжтэй байна, тэр нь их юманд ч мөн итгэмжтэй байдаг. Хэн бага юманд шударга бус байна, тэр нь их юманд ч мөн шударга бус байдаг.
11. Иймээс хэрэв та нар шударга бус эд баялагт итгэмжтэй байгаагүй бол, хэн та нарт жинхэнэ баялгийг даатгах билээ?
12. Хэрэв та нар бусдын юманд итгэмжтэй байгаагүй бол, хэн та нарт өөрсдийн чинь юмыг өгөх билээ?
13. Хоёр эзэнд үйлчилдэг зарц байдаггүй. Учир нь тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлана. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцдэг. Та нар Бурханд ба эд баялагт зэрэг үйлчилж чадахгүй гэв.
14. Мөнгөнд дурлагч фарисайчууд энэ бүхнийг сонсоод, Түүгээр доог тохуу хийж байлаа.
15. Тэр тэдэнд—Та нар бол хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Яагаад гэвэл хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг.
16. Хууль ба Эш үзүүлэгчид Иоханыг иртэл тунхагласан юм. Тэр цагаас хойш Бурханы хаанчлалын сайн мэдээ дэлгэрч, хүн бүр тийшээ орохоор хүчлэн байна.
17. Гэвч Хуулиас өчүүхэн зураас ч алга болохоос тэнгэр газар өнгөрөн одох нь илүү хялбар билээ.
18. Эхнэрээ явуулчихаад өөр нэгэнтэй гэрлэгч аливаа хүн завхайрагч юм. Нөхрөөсөө салсан нэгэнтэй гэрлэгч нь завхайрсан болно.
19. Нэгэн баян хүн байжээ. Тэр нил өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв.