Лук 12:32-42 Ариун Библи, 2004 (АБ2004)

32. Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Учир нь Эцэг тань хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм.

33. Өмч хөрөнгөө худалдаад өглөг үйлд. Хэзээ ч хуучрахгүй уутыг өөрсдөдөө зэх, тэнгэрт шавхагдашгүй баялгийг хураа. Тэнд хулгайч ойртохгүй, хивэн хорхой сүйтгэхгүй.

34. Юу гэвэл та нарын баялаг хаана байна, тэнд бас зүрх сэтгэл тань байх болно.

35. Бэлхүүс чинь бүслээстэй, дэнлүү чинь асаатай байг.

36. Та нар хуримын найраас эргэж ирэх эзнээ хүлээж буй хүмүүс шиг байгтун. Эзэн нь ирээд тогшмогц тэд даруй хаалгаа нээх юм.

37. Эзэн нь ирэх үед сэргэг байх боолууд ерөөлтэй еэ. Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн нь бүсээ бүсэлж, боолуудаа тухлахыг урьж, тэдэнд үйлчилнэ.

38. Хэрэв эзэн хоёр, эсвэл гурав дахь манааны үед ирж, тэднийг сэргэг байгааг олж харвал тэдгээр боолууд нь ерөөлтэй еэ.

39. Үүнийг ойлгогтун. Юу гэвэл хэрэв гэрийн тэргүүн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдсэн бол гэрээ ухуулахгүй байхсан.

40. Та нар ч мөн бэлэн байгтун. Та нарын бодоогүй цагт чинь Хүний Хүү хүрч ирнэ гэв.

41. Петр—Эзэн минь, Та энэ сургаалт зүйрлэлийг бидэнд хэлж байна уу, эсвэл бүгдэд нь хэлж байна уу? гэхэд

42. Эзэн хэлсэн нь—Зарц нарт цагт нь хоол ундыг өгүүлэхээр эзнийхээ зарц нарын дээр тавигдах итгэмжит, ухаалаг нярав нь хэн бэ?

Лук 12