Лук 1:22-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Харин тэр гарч ирээд тэдэнтэй ярьж чадсангүй. Сүм дотор тэр үзэгдэл үзсэн юм байна гэж тэд ойлгов. Харин Захариа тэдэнд дохиж зангасаар байсан ба тийнхүү хэлгүй хэвээр хоцров.

23. Тахилчийн алба гүйцэтгэх өдрүүд дуусахад, тэр гэртээ харив.

24. Хэд хоногийн дараа эхнэр Елизабет нь жирэмслэн, таван сарын турш хүний нүдэнд үл өртөж,—

25. Хүмүүсийн дунд буй шившгийг минь зайлуулахаар Эзэн над уруу таалан харж, энэ өдрүүдэд үүнийг надад бүтээн өгсөн нь энэ ажээ гэв.

26. Тэнгэр элч Габриелыг Бурхан Галилын Назар хот уруу зургадугаар сард илгээсэн ажээ.

27. Габриел Давидын удмын Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйн гэрт хүрч ирлээ. Түүнийг Мариа гэдэг байв.

28. Орж ирээд тэнгэр элч түүнд—Ивээгдэгч ээ, баярла! Эзэн чамтай хамт байна гэв.

29. Харин Мариа энэ үгэнд ихэд цочиж, энэ нь юун мэндчилгээ байж болох талаар бодож цэгнэв.

30. Тэнгэр элч түүнд—Мариа, бүү ай. Чи Бурханы ивээлийг олжээ.

31. Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно.

32. Тэр Хүү аугаа Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно.

33. Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах бөгөөд Түүний хаанчлалд төгсгөл байхгүй байна гэсэнд,

34. Мариа тэнгэр элчид—Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ? гэхэд

35. тэнгэр элч—Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно.

36. Үзэгтүн, чиний садан Елизабет мөн өтөл насандаа хүүтэй болж, хүүсэр гэгдэж байсан тэр эмэгтэй одоо зургаан сартай.

37. Учир нь Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв.

38. Мариа—Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэр элч түүнийг орхин одлоо.

Лук 1