Левит 26:26-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Намайг талхны чинь хангамжийг таслахад, талхыг чинь арван эмэгтэй нэг зууханд жигнэн, талхны хувийг хэмжин ноогдуулна. Тэгээд та нар идсэн ч цадахгүй байх болно.

27. Гэсэн ч үүнийг үл харгалзан та нар Намайг дуулгавартай дагахгүй, харин Миний эсрэг дайсагнавал,

28. Би та нарын эсрэг хилэгнэн дайсагнаж, Би, бүр Би хүртэл та нарыг нүглийн чинь төлөө долоо дахин шийтгэх болно.

29. Цааш нь та нар өөрсдийн хөвгүүдийнхээ махыг, охидынхоо махыг идэх болно.

30. Тэгээд Би та нарын мөргөлийн өндөрлөгүүдийг устгаж, утлагын тахилын ширээг чинь нураан, та нарын шүтээнүүдийн дээр хүүрүүдийг чинь овоолно. Учир нь Миний сэтгэл та нарыг жигших болно.

31. Би хотуудыг чинь балгас болгон, ариун газруудыг чинь эзгүйрүүлнэ. Тайвшруулах тааламжит үнэрийг чинь Би үнэрлэхгүй.

32. Би нутгийг чинь зэлүүд болгох учир түүн дээр суурьшсан дайснууд чинь үүнд гайхан сандрах болно.

33. Нутаг чинь эзгүйрч, хотууд чинь балгас болоход та нарыг ч Би үндэстнүүдийн дунд тарааж, араас чинь илдийг сугалах болно.

34. Тэгээд та нарыг дайсныхаа нутагт байх зуур эзгүйрлийн бүх өдрүүдэд энэ нутаг нь амралтдаа ханах болно. Тэр үед газар амран, өөрийн амралтад ханах болно.

Левит 26