21. Тэгсэн ч, хэрэв та нар Миний эсрэг дайсагнан, Намайг дуулгавартай дагахыг хүсэхгүй байвал нүглийн чинь дагуу Би гай гамшгийг та нарын дээр долоо дахин нэмэх болно.
22. Би та нарыг үр хүүхдүүдээс чинь хагацаан, мал сүргийг чинь устган, та нарын тоо толгойг багасгаж, ингэснээр замуудыг чинь эзгүйрүүлэх хээрийн араатанг дунд чинь сул явуулах болно.
23. Хэрэв эдгээр зүйлээр ч та нар Над уруу эргэлгүй, харин Миний эсрэг дайсагнавал,
24. Би та нарын эсрэг дайсагнах болно. Би, Би хүртэл та нарыг нүглийн чинь төлөө долоо дахин цохих болно.
25. Би бас гэрээний төлөө өс авах илдийг дээр чинь авчрах бөгөөд та нарыг хотууддаа хамтдаа цуглах үед чинь, дунд чинь Би тахлыг илгээх болно. Тэгснээр та нар дайсны гарт тушаагдах болно.