Левит 25:28-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Гэвч хэрэв тэр хүн газраа өөртөө буцааж авахад хүрэлцэхүйц хөрөнгийг олж чадахгүй аваас, түүний зарсан зүйл нь эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл түүнийг нь худалдан авагчийн гарт үлдэнэ. Харин эврийн бүрээдэлтээр энэ нь хуучин эзэндээ буцан очих ба тэр хүн өөрийн эзэмшил газартаа буцаж ирэх юм.

29. Үүний адил хэрэв хүн нь хэрэмтэй хот доторх орон сууцаа зарах аваас түүний золилтын эрх нь зарснаас нь хойших бүтэн жилд хүчинтэй байх болой. Түүний золилтын эрх нь бүтэн жил үргэлжлэх юм.

30. Харин хэрэв бүтэн жилийн хугацаанд эзэн нь түүнийг буцаан худалдаж авахгүй байх аваас хэрэмтэй хотод байгаа тэр сууц түүнийг худалдан авагчид болон үр хүүхдэд нь бүрэн хөдөлшгүйгээр шилжүүлэгдэх болой. Энэ нь эврийн бүрээдэлтээр ч хуучин эзэндээ буцан очихгүй болой.

31. Гэсэн ч тойрсон хэрэмгүй тосгодын орон сууцнууд нь хөдөөгийн талбайтай адил зольж болох бөгөөд тэд эврийн бүрээдэлтээр хуучин эзэндээ буцан очих юм.

32. Левийнхний хотуудын тухайд гэвэл, левичүүд нь эзэмшлийнхээ хотуудын орон сууцанд золилтын хөдөлшгүй эрхтэй болой.

33. Тиймийн тул левийнхнээс авсан зүйлс нь золигдож болох бөгөөд энэхүү эзэмшлийн хотод зарагдсан орон сууц нь эврийн бүрээдэлтээр хуучин эзэндээ буцан очиж болно. Учир нь левийнхний хотуудын орон сууцнууд нь Израилийн хөвгүүдийн дундах тэдний эзэмшил болно.

34. Харин тэдний хотуудын бэлчээрүүд нь тэдний мөнхийн эзэмшил учир зарагдах ёсгүй.

35. Нутгийн чинь хүн ядуурч, та нарын хажууд түүний хөрөнгө нь хүрэхгүй тохиолдолд та нар түүнийг өөрсөдтэйгөө хамт амьдруулахын тулд түүнийг гадаадынхан буюу түр суугчийн адил тэтгэгтүн.

36. Нутгийн чинь хүн та нартай хамт амьдарч байхын тулд түүнээс зээлийн өндөр хүүг авалгүй, харин өөрсдийн Бурханыг хүндэл.

37. Түүнд чи мөнгийг хүүтэйгээр зээлүүлж болохгүй, хүнсийг ашиг орлого олохын төлөө өгч болохгүй.

38. Та нарт Канаан нутгийг өгөхөөр та нарын Бурхан чинь байхын тулд Египетийн нутгаас та нарыг гарган авчирсан Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

39. Хэрэв нутгийн чинь хүн ядуурснаас болж та нарын дунд өөрийгөө чамд худалдах аваас түүнийг боолын үйлчлэлд бүү оруулагтун.

40. Тэр эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл чамтай хамт хөлсний хүн шиг юм уу, түр суугч мэт байж чамд үйлчлэх ёстой.

Левит 25