50. Таны эсрэг нүгэл үйлдсэн ард түмнээ болон Таны эсрэг үл дагасан бүх нүгэлтнийг уучлан, өршөөж болгоогооч. Тэднийг олзлон авсан хүмүүс тэднийг энэрэн, тэдгээр хүмүүсээр нь дамжуулж тэднийг өршөөн нигүүлсээрэй.
51. (Учир нь тэд бол Таны ард түмэн ба Египет буюу төмөр хайлуулдаг зуухны дотроос Таны гаргаж авсан өв тань билээ).
52. Ингэснээрээ Таныг дуудах бүрд нь Та сонсож, боолынхоо ба ард түмэн Израилийнхаа гуйлт бүхэнд Таны мэлмий тусах болно.
53. Та өвөг дээдсийг минь Египетээс удирдан гаргахдаа Өөрийн боол Мосегээр дамжуулан хэлсэнчлэн израильчуудыг Өөрийн өв болгон, дэлхийн бүх ард түмнээс тусгаарласан шүү дээ, Эзэн БУРХАН минь хэмээн залбирав.
54. Соломон уг залбирал гуйлтыг ЭЗЭНд залбирсныхаа дараа ЭЗЭНий тахилын ширээний өмнөөс, өвдөг дээрээсээ гараа тэнгэр өөд өргөөстэй босов.
55. Тэрээр зогсоод, Израилийн бүх чуулганыг өндөр дуугаар ерөөн,—
56. Амласан ёсоороо Өөрийн ард түмэн болох Израильд амралтыг өгсөн ЭЗЭН магтагдах болтугай. Өөрийн боол Мосегээр дамжуулан Түүний амласан бүх сайн амлалтаас нэг ч үг биелэлгүй орхигдсонгүй.
57. Бидний Бурхан ЭЗЭН өвөг дээдэстэй минь хамт байсан шигээ бидэнтэй ч хамт байх болтугай. Тэр биднийг орхихгүй, мартахгүй байх болтугай.
58. Ингэснээр Өөрийн бүх замаараа алхуулан, өвөг дээдэст минь тушаасан тушаал, зарлиг, тогтоолуудыг нь сахин мөрдүүлэхийн тулд бидний зүрх сэтгэлийг Өөрийнхөө зүг хандуулах болтугай.
59. ЭЗЭНий өмнө хүссэн гуйсан миний эдгээр үгс өдөр шөнөгүй бидний Бурхан ЭЗЭНд ойр байх болтугай. Ингэснээр өдөр бүрийн хэрэгцээний дагуу Түүний боол ба Түүний ард түмэн болох Израильд тэрээр тусалж өгөх болтугай.
60. Үүнээс дэлхийн бүх ард түмэн ЭЗЭН бол Бурхан бөгөөд өөр бурхан байдаггүй юм гэдгийг ойлгох болтугай.