28. Гэсэн ч Миний Бурхан ЭЗЭН минь ээ, Та боолынхоо өргөж буй залбирал, хүсэлтийг анхааран, өнөөдөр боол тань Таныхаа өмнө хашхирч залбирсан энэ залбирлыг сонсооч.
29. Энэ газраас залбирах боолынхоо гуйлтыг сонсохын тулд таны “Миний нэр тэнд байх болно” гэж айлдсан тэр газар уруу, Таны хараа өдөр ч, шөнө ч өргөө дээр тусах болтугай.
30. Энэ газрыг харан залбирах үед Таны боол болон Таны ард түмэн Израилийн хүсэлтийг сонсооч. Тэнгэр дэх Өөрийн орших газраасаа сонсооч. Сонсоод, өршөөн соёрхооч.
31. Хэрэв хүн хөршийнхөө эсрэг нүгэл үйлдэж, тангараг тавих болоод энэ өргөөнд Таны тахилын ширээний өмнө ирж тангараглавал,
32. Та тэнгэрээс сонсон үйлдээч. Боолуудаа шүүж, хар санаатны арга замыг өөрийнх нь толгой дээр буулгаж, зөв шударга хүнд зөвийнх нь дагуу өгснөөрөө зөвтгөн болгооно уу.
33. Таны ард түмэн Израиль Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж дайсандаа ялагдах үед, хэрэв тэд Тань уруу дахин эргэж, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, залбиран энэ өргөөнд Танд хандан хүсэлт гаргавал,
34. Та тэнгэрээс сонсож, Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, өвөг дээдэст нь Таны өгсөн газар уруу, тэднийг буцаан ирүүлж өгөөрэй.
35. Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж тэнгэр хаагдаж, хур бороо үгүй болоход тэд энэ газар уруу чиглэн залбирч, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, Та тэднийг зовооход тэд нүглээсээ эргэвэл,
36. Та тэнгэрээс сонсон, Өөрийн боолууд болон Өөрийн ард түмэн Израилийн гэмийг уучилж, тэдний амьдран явбал зохих сайн замыг тэдэнд заан өгөөч. Өөрийн ард түмэнд өв болгон өгсөн Өөрийн газартаа дахин хур бороог буулган өгөөрэй.