21. ЭЗЭН бидний өвөг дээдсийг Египет газраас удирдан гаргахдаа тэдэнтэй байгуулсан гэрээг агуулсан авдрыг залах байрыг би тэнд бэлтгэн зэхлээ хэмээлээ.
22. Түүний дараа Соломон Израилийн бүх чуулганы өмнө ЭЗЭНий тахилын ширээний урд зогсоод, тэнгэр өөд гараа сунгаж,—
23. Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ! Дээд тэнгэр ба доод газарт Тантай адил Бурхан үгүй билээ. Бүх зүрх сэтгэлээрээ Таны өмнө алхагч боолууддаа Та хайр энэрлээ үзүүлэн, гэрээгээ сахин хадгалдаг билээ.
24. Та Өөрийн боол, миний эцэг Давидад амласнаа сахисан. Үнэхээр Та Өөрийн амаар хэлсэн бөгөөд энэ өдөр байгаа шиг Өөрийнхөө мутраар хэлснээ биелүүллээ.
25. Тийм учраас одоо, Израилийн Бурхан ЭЗЭН минь, Та Өөрийн боол, миний эцэг Давидад “Харин Миний өмнө явсан замыг чинь чиний хөвгүүд дагахдаа анхааралтай байж амьдрах аваас, Израилийн сэнтийд суух хүн чамд тасрахгүй байх болно” гэж амласнаа сахина уу.