16. “Миний ард түмэн болох Израилийг Египетээс удирдан гаргасан өдрөөс хойш Би Өөрийн нэрийг байлгахаар өргөөг бариулах гэж Израилийн бүх овгоос аль ч хотыг сонгоогүй юм. Харин өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Би Давидыг сонгосон билээ” хэмээсэн юм.
17. Израилийн Бурхан ЭЗЭНий нэрд зориулж өргөө барих гэсэн санаа миний эцэг Давидын зүрхэнд байсан.
18. Харин ЭЗЭН миний эцэг Давидад “Миний нэрд зориулж өргөө барина гэсэн санаа зүрхэнд чинь байгаа учир маш сайн байна.
19. Гэсэн ч тэр өргөөг чи босгохгүй, харин чамаас төрсөн чиний хүү Миний нэрд зориулж өргөө барих болно” гэсэн билээ.
20. ЭЗЭН Өөрийн хэлсэн үгээ сая биелүүллээ. Учир нь ЭЗЭНий амласны дагуу би өөрийн эцэг Давидын оронд босож, Израилийн сэнтийд заларч, Израилийн Бурхан ЭЗЭНий нэрд зориулж өргөө барьж босголоо.
21. ЭЗЭН бидний өвөг дээдсийг Египет газраас удирдан гаргахдаа тэдэнтэй байгуулсан гэрээг агуулсан авдрыг залах байрыг би тэнд бэлтгэн зэхлээ хэмээлээ.
22. Түүний дараа Соломон Израилийн бүх чуулганы өмнө ЭЗЭНий тахилын ширээний урд зогсоод, тэнгэр өөд гараа сунгаж,—
23. Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ! Дээд тэнгэр ба доод газарт Тантай адил Бурхан үгүй билээ. Бүх зүрх сэтгэлээрээ Таны өмнө алхагч боолууддаа Та хайр энэрлээ үзүүлэн, гэрээгээ сахин хадгалдаг билээ.
24. Та Өөрийн боол, миний эцэг Давидад амласнаа сахисан. Үнэхээр Та Өөрийн амаар хэлсэн бөгөөд энэ өдөр байгаа шиг Өөрийнхөө мутраар хэлснээ биелүүллээ.
25. Тийм учраас одоо, Израилийн Бурхан ЭЗЭН минь, Та Өөрийн боол, миний эцэг Давидад “Харин Миний өмнө явсан замыг чинь чиний хөвгүүд дагахдаа анхааралтай байж амьдрах аваас, Израилийн сэнтийд суух хүн чамд тасрахгүй байх болно” гэж амласнаа сахина уу.