Хаадын Дээд 22:8-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Израилийн хаан Иехошафатад—ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг эш үзүүлж байгаагүй, харин бузар мууг хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр бол Имлахын хүү Микаиа юм хэмээн өгүүлжээ. Харин Иехошафат түүнд—Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.

9. Тэгэхэд Израилийн хаан түшмэлээ дуудан,—Имлахын хүү Микаиаг хурдан авч ирэгтүн хэмээн тушаав.

10. Тэр үед Израилийн хаан болон Иудагийн хаан Иехошафат нар ёслолын дээлээ өмсөн, Самари хотын хаалганы үүдэнд, үтрэмд өөр өөрсдийн сэнтийд заларсан байв. Эш үзүүлэгчид бүгд л тэдний өмнө эш үзүүлцгээж байлаа.

11. Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүдийг хийж,—ЭЗЭН ийн айлдаж байна. “Эдгээрээр та арамейчуудыг устгаж дуустал нь нэвт сүлбэгтүн” хэмээв гэжээ.

12. Бүх эш үзүүлэгчид—Рамот-гилеад уруу явж, амжилт ол. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж эш үзүүлцгээж байлаа.

13. Микаиаг дуудахаар явсан элч түүнд хандан—Харагтун, эш үзүүлэгчдийн үгс хааны таалалд ижил нийцэж байна. Таны үгс ч тэдний нэгний үгтэй адил байж, хааны таалалд нийцүүлэгтүн гэв.

14. Харин Микаиа—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. ЭЗЭНий надад юу хэлснийг би ярих болно гэлээ.

15. Түүнийг хааны өмнө ирэхэд, хаан түүнээс—Микаиа, бид Рамот-гилеадыг довтлохоор хөдлөх үү, эсвэл татгалзах уу? гэж асуусанд Микаиа түүнд—Явж, ялагтун. ЭЗЭН тэр газрыг хааны гарт өгөх болно гэжээ.

16. Хаан түүнд—ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамд хичнээн гуйх юм бэ? хэмээв.

17. Микаиа хариуд нь—Бүх Израиль хоньчингүй хоньд мэтуулсын оройгоор тархан явахыг би харсан билээ.ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй.Тэд бүгд өөр өөрсдийн гэр уруу амар тайван харьцгааг”гэв хэмээн өчлөө.

Хаадын Дээд 22