34. Нэгэн цэрэг нум сумаараа харваад орхитол, Израилийн хааныг хуягных нь завсраар оножээ. Хаан морин тэрэгнийхээ хөтчид—Эргээрэй, намайг тулалдааны талбараас авч гар. Би хүнд шархадлаа гэж хэлэв.
35. Тэр өдөр тулаан ширүүсэж, хаан арамейчуудын өмнө тэргэн дотроо тэргээ налж байгаад, орой болоход нас барлаа. Шархнаас нь урсах цус тэрэгний ёроолд тунасан байв.
36. Тэгтэл нар шингэхийн алдад—Бүгд өөр өөрийн хот уруу, тус тусын нутаг уруу явцгаа гэх дуу бүх л цэргийн хуарангаар тархав.
37. Хаан үхэж, хүмүүс түүнийг Самарид авчран оршуулжээ.
38. Тэд Самарийн цөөрмийн дэргэд хааны тэргийг угаахад ноход түүний цусыг долоож байсан нь ЭЗЭНий хэлсэн үгийн дагуу болсон юм. (Тэнд янхнууд усанд ордог байв.)
39. Ахабын бусад үйлс, хийсэн бүх ажлууд, түүний босгон барьсан зааны ясан ордон болон бүх хотуудын тухай Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?
40. Ахаб эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Ахазиа орыг нь залгамжлан, хаан болжээ.
41. Израилийн хаан Ахабын дөрөвдүгээр жилд Асагийн хүү Иехошафат Иудагийн хаан болов.
42. Иехошафат хаан болохдоо гучин таван настай байсан бөгөөд хорин таван жил Иерусалимд хаанчлав. Түүний ээж нь Шилхийн охин Азуба юм.
43. Иехошафат өөрийн эцэг Асагийн бүх замаар замнаж, ЭЗЭНий мэлмийн өмнө зөвийг үйлдсэнээрээ тэр замаас гажаагүй. Гэвч тэрээр мөргөлийн өндөрлөгүүдийг устгаж зайлуулаагүй бөгөөд ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөн, утлага уугиулсаар л байв.
44. Иехошафат мөн Израилийн хаантай эв найрамдлыг тогтоов.
45. Иехошафатын бусад үйлс түүний үзүүлсэн хүч чадал, хэрхэн дайтан тулалдсан зэрэг нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?
46. Эцэг Асагийнх нь үед үлдсэн содомчуудыг Иехошафат нутгаасаа хөөн гаргасан юм.
47. Тэр үед Едомд хаан байгаагүй бөгөөд захирагч нь хаанчилдаг байв.