2. Гурав дахь жил нь Иудагийн хаан Иехошафат Израилийн хааныг зорьж ирэв.
3. Израилийн хаан өөрийн түшмэддээ—Рамот-гилеад бидэнд харьяалагддаг боловч түүнийг Арамын хааны гараас авах гэж бид юу ч хийхгүй байсаар байгааг та нар мэдэх үү? гэв.
4. Тэрээр Иехошафатад хандан—Рамот-гилеадад байлдахаар чи надтай хамт явах уу? гэхэд Иехошафат Израилийн хаанд—Би бол чи, миний хүмүүс бол чиний хүмүүс бөгөөд миний морьд ч чиний морьд мэт билээ гэв.
5. Үүнээс гадна, Иехошафат Израилийн хаанд—Эхлээд ЭЗЭНий үгийг мэдэхийн тулд асууж өгөөч гэж хэлэв.
6. Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуугаад эш үзүүлэгчдийг хамтад нь цуглуулаад, тэднээс—Би Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу, эсвэл түдгэлзэх үү? хэмээн асуусанд тэд—Явагтун. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.
7. Гэвч Иехошафат—Бидэнд асуучихаар ЭЗЭНий өөр нэг эш үзүүлэгч энд алга уу? хэмээн асуулаа.
8. Израилийн хаан Иехошафатад—ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг эш үзүүлж байгаагүй, харин бузар мууг хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр бол Имлахын хүү Микаиа юм хэмээн өгүүлжээ. Харин Иехошафат түүнд—Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.
9. Тэгэхэд Израилийн хаан түшмэлээ дуудан,—Имлахын хүү Микаиаг хурдан авч ирэгтүн хэмээн тушаав.
10. Тэр үед Израилийн хаан болон Иудагийн хаан Иехошафат нар ёслолын дээлээ өмсөн, Самари хотын хаалганы үүдэнд, үтрэмд өөр өөрсдийн сэнтийд заларсан байв. Эш үзүүлэгчид бүгд л тэдний өмнө эш үзүүлцгээж байлаа.
11. Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүдийг хийж,—ЭЗЭН ийн айлдаж байна. “Эдгээрээр та арамейчуудыг устгаж дуустал нь нэвт сүлбэгтүн” хэмээв гэжээ.
12. Бүх эш үзүүлэгчид—Рамот-гилеад уруу явж, амжилт ол. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж эш үзүүлцгээж байлаа.
13. Микаиаг дуудахаар явсан элч түүнд хандан—Харагтун, эш үзүүлэгчдийн үгс хааны таалалд ижил нийцэж байна. Таны үгс ч тэдний нэгний үгтэй адил байж, хааны таалалд нийцүүлэгтүн гэв.
14. Харин Микаиа—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. ЭЗЭНий надад юу хэлснийг би ярих болно гэлээ.
15. Түүнийг хааны өмнө ирэхэд, хаан түүнээс—Микаиа, бид Рамот-гилеадыг довтлохоор хөдлөх үү, эсвэл татгалзах уу? гэж асуусанд Микаиа түүнд—Явж, ялагтун. ЭЗЭН тэр газрыг хааны гарт өгөх болно гэжээ.
16. Хаан түүнд—ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамд хичнээн гуйх юм бэ? хэмээв.
17. Микаиа хариуд нь—Бүх Израиль хоньчингүй хоньд мэтуулсын оройгоор тархан явахыг би харсан билээ.ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй.Тэд бүгд өөр өөрсдийн гэр уруу амар тайван харьцгааг”гэв хэмээн өчлөө.