9. Тэрээр захидлууд дотроо ингэж бичсэн байлаа. “Мацаг барих өдрийг тунхаглан Наботыг хүмүүсийн тэргүүнд суулга.
10. Түүний хажууд хоёр үл бүтэх хүнийг суулгаж, тэд нараар Наботын эсрэг «Чи Бурханыг болон хааныг хараасан» гэж гэрчлүүл. Тэгээд түүнийг гаргаж, чулуудан ал” гэсэн байв.
11. Түүний хотын хүмүүс болох ахмадууд ба язгууртнууд Иезебелийн өөрсдөд нь илгээсэн үгийн дагуу буюу түүний захианд бичсэний дагуу үйлджээ.
12. Тэд мацаг барих өдрийг тунхаглан, Наботыг хүмүүсийн тэргүүнд суулгав.
13. Тэгтэл хоёр үл бүтэх хүн орж ирж, түүний өмнө суув. Тэгээд өнөөх үл бүтэх этгээд нь Наботын эсрэг хүмүүсийн өмнө гэрчлэл хийж,—Набот Бурхан ба хааныг хараасан юм гэв. Тэд Наботыг хотоос гадагш гарган түүн уруу чулуу шидлэн алжээ.
14. Ингээд тэд—Набот уруу чулуу шидэж алжээ хэмээх үгийг Иезебелд илгээжээ.
15. Набот чулуугаар шидүүлэн алуулсан гэдгийг Иезебел сонсоод Ахабт хандан—Босогтун. Иезреел хүн Наботын мөнгөөр өгөхөөс татгалзаад байсан усан үзмийн цэцэрлэгийг өмчлөн аваарай. Учир нь Набот амьд биш, үхсэн билээ гэв.
16. Набот үхсэнийг сонсоод Ахаб босож, иезреел хүн Наботын усан үзмийн цэцэрлэгийг өөрийн болгохоор явав.
17. Тэгэхэд ЭЗЭНий үг тишбе хүн Елиад ирж айлдсан нь—
18. Босогтун. Самарид байгаа Израилийн хаан Ахабтай уулзахаар явагтун. Тэр одоо Наботын усан үзмийн цэцэрлэгийг өөрийн болгон авахаар тэр газарт очоод байгаа.
19. Чи түүнтэй ярихдаа “ЭЗЭН ийн айлдаж байна. «Чи алчихаад, мөн эд хөрөнгийг нь авах нь уу?»”. Чи бас түүнд “ЭЗЭН ийн айлдаж байна. «Наботын цусыг ноход долоож буй тэр газарт, чиний цусыг ч бас ноход долоох болно»” гэж хэлээрэй хэмээжээ.