Хаадын Дээд 10:15-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Үүний зэрэгцээгээр худалдаачдаас болон наймаачдын эд бараанаас Арабын бүх хаадаас, мөн орон нутгийн захирагчдаас алт авдаг байв.

16. Соломон хаан алт давтаж хоёр зуун том бамбай хийсэн бөгөөд бамбай бүрд зургаан зуун шекел алт оржээ.

17. Тэрээр бас алт давтаж гурван зуун бамбай хийсэн бөгөөд бамбай бүрд гурван мина алт орсон юм. Хаан эдгээр бамбайнуудыг Ливаны ойн гэртээ тавин хадгалав.

18. Үүнээс гадна хаан зааны ясаар асар том сэнтий урлан, шижир алтаар бүрэв.

19. Сэнтий нь зургаан гишгүүртэй, ар тал нь дээгүүрээ дугуй, хоёр талдаа тус тус арслангийн баримал бүхий түшлэгтэй байсан юм.

20. Зургаан гишгүүр бүрийн хоёр талд хоёр арслангийн барималтай буюу нийт арван хоёр арслангийн баримал тавиастай байсан. Өөр ямар ч хаанчлалд үүнтэй адил зүйлийг урлаж байсангүй билээ.

21. Соломон хааны бүх жүнз хундаганууд алтан бөгөөд Ливаны ойн гэрийн бүх сав суулганууд цэвэр алтаар хийгдсэн байв. Соломоны өдрүүдэд мөнгө ямар ч үнэ цэнэгүй байсан учир мөнгөн эдлэл түүнд байсангүй.

22. Хаанд далайд Хирамын хөлөг онгоцнуудын хамт Таршишийн хөлөг онгоцнууд байдаг байв. Гурван жил бүрд нэг удаа Таршишийн хөлөг онгоцнууд алт, мөнгө, зааны яс, мич болон тогос авчирдаг байжээ.

23. Соломон хаан эд баялаг, цэцэн мэргэн ухаанаараа газрын бүх хаадаас үлэмж аугаа болжээ.

24. Тиймээс Бурхан Соломоны зүрхэнд өгсөн мэргэн ухааныг сонсох гэж бүх дэлхий Соломонд бараалхахыг хүсэмжилдэг байлаа.

25. Жил болгон ирж буй хүн бүр өөрсдийн бэлэг болгон алт мөнгөн урлал, хувцас хунар, зэвсэг, амттан, морьд, луус авчирдаг байв.

26. Соломон морин цэрэг тэргийг цуглуулжээ. Түүнд мянга дөрвөн зуун тэрэг, арван хоёр мянган морин цэрэг байсан бөгөөд Соломон тэднийг тэрэгт цэргийн хотууд болон хааны амьдардаг Иерусалим хотод хуваарилан байрлуулсан.

Хаадын Дээд 10