Хаадын Дээд 1:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Давид хаан нас өндөр болж хөгширсөн билээ. Түүнийг хэдэн давхар хөнжлөөр хучаад ч дулаацахаа больжээ.

2. Түшмэд нь түүнд—Бидний эзэн хаан танд нэг залуу онгон охиныг олж авчирч тэрээр хаанд зарагдан, түүний асрагч болог. Түүнийг та өвөртлөн унтвал бидний эзэн хаан таны бие дулаацах болно гэлцэв.

3. Тэд Израилийн бүх нутаг даяар гоо үзэсгэлэнтэй охиныг хайж, Абишаг нэртэй нэгэн шунем охиныг олж, хааны ордонд авчирлаа.

4. Тэр охин маш гоо үзэсгэлэнтэй байсан бөгөөд хааны асрагч болж, хаанд үйлчлэв. Гэвч хаан түүнтэй энгэр зөрүүлсэнгүй.

5. Тэр үед Хаггитын хүү Адониа өөрийгөө өргөмжлөн—Би хаан болно хэмээн чалчиж байв. Тэрээр өөртөө тэрэгнүүд болон морьтонгуудыг өмнөө явуулах тавин цэргийн хамт бэлдүүлжээ.

6. Эцэг нь түүнийг “Чи яагаад ийн үйлдсэн бэ?” хэмээн хэзээ ч зэмлэн, хориглодоггүй байсан ажээ. Тэр бас Абсаломын дараа төрсөн бөгөөд маш сайхан эр байлаа.

7. Тэрээр Зеруиагийн хүү Иоаб болон тахилч Абиатар нартай зөвшилцөн, тэд Адониаг дагаж туслав.

8. Гэвч тахилч Задок Иехоиадагийн хүү Бенаиа, эш үзүүлэгч Натан, Шимеи, Реи болон Давидын хүчит эрс Адониатай нийлсэнгүй.

9. Адониа Ен-рогелын ойролцоох Зохелетын хадан дээр хонь, үхэр, тарган тугалуудаар тахил өргөн, өөрийн ах дүү болох хааны бүх хөвгүүд, Иудагийн бүх эрчүүд болох хааны зарц нарыг ч урьжээ.

10. Харин тэрээр эш үзүүлэгч Натан, Бенаиа, хүчит эрс болон дүү Соломон нарыг урьсангүй.

Хаадын Дээд 1