3. Тэгээд тостой саваа авч, толгой дээр нь тос цутган, “ЭЗЭН айлдахдаа «Би чамайг Израилийн хаан болгон тосоллоо» гэж байна” гэж хэлэгтүн. Дараа нь хаалгаа онгойлгоод, зугтагтун. Битгий хүлээ хэмээв.
4. Ингээд эш үзүүлэгчийн зарц болох тэр залуу Рамот-гилеад уруу явжээ.
5. Түүнийг ирэхэд, харагтун, цэргийн ахмадууд сууж байв. Тэрээр—Ахмад аа, танд хэлэх үг надад байна гэв. Иехү—Бидний хэнд нь юм бэ? хэмээн асуухад тэрээр—Ахмад аа, танд гэв.
6. Иехү босоод, гэрт ороход тэрээр түүний толгой дээр тос цутган, түүнд—Израилийн Бурхан, ЭЗЭН айлдахдаа “Би чамайг ЭЗЭНий ард түмэн болох Израилийн хаан болгон тосоллоо.
7. Иезебелийн гарт үрэгдсэн Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдийн цусны болон ЭЗЭНий бүх зарц нарын цусны өшөөг Би авахын тулд чи өөрийн эзэн Ахабын гэрийг цохигтун.
8. Учир нь Ахабын бүх гэр мөхөх ёстой. Израиль дахь боол ч бай, чөлөөт ч бай бүх эрэгтэй хүмүүсийг Би Ахабаас таслах болно.
9. Би Ахабын гэрийг Небатын хүү Иеробоамын гэртэй адил, мөн Ахиагийн хүү Баашагийн гэртэй адил болгоно.
10. Ноход Иезреелийн нутагт Иезебелийг идэх бөгөөд хэн ч түүнийг оршуулахгүй” гэж байна гэв. Тэгээд тэрээр хаалгаа онгойлгон зугтав.
11. Иехү эзнийхээ зарц нар дээр ороход нэг нь түүнээс—Бүх юм зүгээр үү? Тэр галзуу яагаад чам уруу ирсэн юм бэ? гэж асуув. Тэрээр тэдэнд—Та нар хүнийг болон түүний ярьсныг мэднэ шүү дээ гэв.