Хаадын Дэд 17:28-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Тиймээс Самариас цөллөгт аваачигдсан тахилч нарын нэг ирж, Бетелд амьдран, тэд ЭЗЭНээс хэрхэн эмээх ёстойг тэдэнд заан сургав.

29. Гэвч үндэстэн бүр өөрсдийн бурхдыг бүтээсээр, тэднийгээ Самарийн хүмүүсийн босгосон мөргөлийн өндөрлөгүүдийн байрнуудад буюу үндэстэн бүр өөрсдийн амьдарч буй хотууддаа тавьжээ.

30. Вавилоны хүмүүс Суккот-бенотыг бүтээж, Кутын хүмүүс Нергалыг бүтээж, Хамат хүмүүс Ашимаг бүтээж,

31. аввачууд Нибхаз ба Тартакийг бүтээжээ. Сефарваимчууд Сефарваимын бурхад болох Адраммелех, Анаммелек нарт зориулан өөрсдийн үр хүүхдүүдээ галд шатаав.

32. Тэд бас ЭЗЭНээс эмээж, мөргөлийн өндөрлөгүүдийн байрнуудад тэдний төлөө үйлдэж байсан мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг өөрсдийнхөө дундаас томилов.

33. Тэд ЭЗЭНээс эмээхийн хамт цөллөгт ирэхээс өмнөх өөрсдийн үндэстнийхээ ёс заншлын дагуу өөрсдийн бурхаддаа ч мөн үйлчилж байв.

34. Энэ өдрийг хүртэл тэд эртний ёс заншлынхаа дагуу үйлдэж ирлээ. Тэд ЭЗЭНээс ч эмээхгүй, өөрсдийн тогтоол, өөрсдийн зарлиг, хууль, эсвэл ЭЗЭНий Израиль хэмээн нэрлэсэн Иаковын хөвгүүдэд Түүний тушаасан тушаалуудыг ч тэд дагадаггүй.

35. ЭЗЭН тэдэнтэй гэрээ байгуулан, тэдэнд тушаан “Та нар өөр бурхдаас эмээж, тэдэнд мэхийж, тэдэнд үйлчилж, тэдэнд тахил өргөж болохгүй.

36. Харин агуу их хүчээр болон сунгасан мутраар та нарыг Египет газраас гаргасан ЭЗЭНээс та нар эмээж, Түүнд та нар мэхийж, Түүнд та нар тахил өргөгтүн.

37. Та нарт зориулаад Түүний бичсэн тогтоол, зарлиг, хууль болон тушаалуудыг та нар үүрд үйлдэхээр сахигтун. Та нар өөр бурхдаас бүү эмээгтүн.

38. Би та нартай байгуулсан гэрээг та нар мартаж ч болохгүй, өөр бурхдаас эмээж ч болохгүй.

Хаадын Дэд 17