Иошуа 9:8-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Харин тэд Иошуад—Бид таны боолууд билээ гэхэд Иошуа—Та нар хэн болоод хаанаас ирсэн юм бэ? гэв.

9. Тэд түүнд—Таны Бурхан ЭЗЭНий нэр алдрын улмаас таны зарц нар болох бид алс холын нутгаас ирлээ. Учир нь бид Түүний тухай мэдээг болон Түүний Египетэд хийсэн бүхнийг сонсов.

10. Бас Иорданы цаад талд байсан Аморийн хоёр хаан болох Хешбоны хаан Сихон болон Аштаротод байсан Башаны хаан Ог нарт Түүний үйлдсэн бүгдийг мэдсэн.

11. Тиймээс манай ахлагчид болон манай нутгийн бүх оршин суугчид бидэнд захин “Замын хүнсээ авч яван, тэдэнтэй уулзаж «Бид таны боолууд билээ. Тиймд одоо бидэнтэй хэлцэл хийгээч» хэмээн гуй” гэсэн юм.

12. Та нарыг зорин гарсан тэр өдөр энэ талхыг бид хүнс болгон гэрүүдээсээ авахад тэр нь бүлээн байсан. Харин одоо харагтун, энэ нь хатаж үйрчээ.

13. Мөн бидний дүүргэсэн энэ дарсны хөхүүрүүд шинэ байсан, харин одоо язарч урагдсан. Мөн бидний шаахай, хувцас хунар ч алс холын замд элэгдэн хуучрав гэлээ.

14. Тэгтэл израильчууд тэдний хүнснээс хэсгийг авч, ЭЗЭНий зөвлөгөөг асуусангүй.

15. Тэгээд Иошуа тэднийг амьд үлдээх энхийн гэрээг тэдэнтэй хийж, чуулганы удирдагчид тэдэнд тангараглав.

16. Тэдэнтэй гэрээ байгуулснаас хойш гурван хоногийн дараа тэд бол өөрсдийнх нь нутагт амьдарч буй хөрш үндэстэн болохыг нь израильчууд сонсов.

17. Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, Гибеон, Хефира, Беерот, мөн Кириат-иеарим зэрэг хотууд уруугаа гурав дахь өдрөө хүрч ирэв.

18. Чуулганы удирдагчид Израилийн Бурхан ЭЗЭНээр тэдэнд тангарагласан учир Израилийн хөвгүүд тэдэн уруу довтолсонгүй. Чуулган бүхэлдээ удирдагчдын эсрэг бувтнан байв.

19. Гэвч бүх удирдагчид хамаг чуулганд—Бид Израилийн Бурхан ЭЗЭНээр тэдэнд тангарагласан бөгөөд одоо бид тэдэнд хүрч чадахгүй болсон.

20. Харин бидний хийх зүйл бол тэдэнд өргөсөн тангаргаас няцсанаас болж уур хилэн бидэн дээр буухгүйн тулд бид тэднийг амьд үлдээнэ гэв.

21. Удирдагчид тэдэнд—Тэднийг амьд үлдээ гэсэн. Удирдагчдын тэдэнд хэлсний дагуу тэд хамаг чуулганы ус зөөгч ба мод түлээ бэлтгэгчид болов.

Иошуа 9