6. Ливанаас авахуулаад Мисрефот-маим хүртэлх уулархаг нутгийн бүх оршин суугчид болох бүх сидончуудыг Би Израилийн хөвгүүдийн урдаас хөөн гаргах болно. Зөвхөн Би чамд тушаасны дагуу энэ газрыг Израильд өв болгон хуваарилагтун.
7. Тэгэхээр одоо энэ нутгийг есөн овог болон Манассегийн хагас овогт өв болгон хуваа гэв.
8. Манассегийн нөгөө хагас овгийнхонтой хамт Реубен болон Гадынхан Иорданаас цааших зүүн зүгт Мосегийн тэдэнд өгсөн өвийг хүлээн авсан байжээ. ЭЗЭНий зарц Мосегийн тэдэнд өгсөн нутаг нь ийм болой.
9. Энэ нь Арнон голын хөндийн захад орших Ароер болон хөндийн дунд орших хотоос Дибоныг хүртэл Медебагийн тал газар,
10. мөн Хешбонд хаанчилж байсан аморичуудын хаан Сихоны бүх хотоос Аммоны хөвгүүдийн нутгийн хилийг хүртэл үргэлжилж байсан юм.
11. Мөн Гилеад болон гешурчууд ба маакатчуудын нутаг дэвсгэр, Хермон уул бүхэлдээ, бас Салекаг хүртэлх бүх Башаныг буюу
12. Аштарот ба Едреид хаанчилж байсан (Рефаимчуудаас үлдсэн хамгийн сүүлчийн хүн), Башан дахь Огийн бүхий л хаант улсыг багтааж байсан. Мосе тэднийг ялж, газар нутгийг нь эзлэн авсан юм.
13. Гэвч Израилийн хөвгүүд гешурчууд болон маакатчуудыг хөөн гаргасангүй. Тиймээс ч Гешур болон Маакат израильчуудын дунд өнөөг хүртэл амьдарсаар ирсэн.
14. Зөвхөн Левийн овогт тэр ямар ч өв өгсөнгүй. ЭЗЭН айлдсан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд галаар өргөсөн тахилууд бол тэдний өв юм.
15. Ийнхүү Мосе Реубений хөвгүүдэд тэдний ургийн дагуу өвийг нь өгөв.
16. Ингээд тэдний нутаг дэвсгэр нь Арнон голын хөндийн ард орших Ароер мөн хөндийн дунд орших хот болон Медебагийн хажуудах бүх тал нутгаас
17. Хешбон ба тал нутаг дахь түүний бүх хотууд, тухайлбал Дибон, Бамот-баал, Бет-баал-меон,
18. Иахаз, Кедемот болон Мефаат,