1. Хазорын хаан Иабин үүнийг сонсоод, Мадоны хаан Иобаб болон Шимрон ба Ахшафын хаанд,
2. Хиннеротын өмнө талын Араба, өрнө зүгийн нам газрууд ба Дорын өндөрлөгт байгч хойд зүгийн уулархаг нутгийн хаадад буюу,
3. өрнө ба дорно зүгт байгч канаанчууд, мөн уулархаг нутгийн аморичууд, хитчүүд, перизчүүд, иебусчууд болон Мизпе нутгийн Ермоны хормойд орших хивичүүд уруу үг илгээв.
4. Тэд өөрсдийн бүх цэрэг буюу далайн эргийн элс шиг тоо томшгүй хүн, их хэмжээний морьд ба тэрэгтэй гарч ирлээ.
5. Тийнхүү эдгээр бүх хаад уулзахаар тохирон, Израилийн эсрэг дайтахаар Меромын усны хажууд ирж хамтдаа буудаллав.
6. ЭЗЭН Иошуад—Тэднээс бүү айгтун. Учир нь маргаашийн өдийд Би Израилийн өмнө тэднийг бүгдийг нь хядах болно. Та нар тэдний морьдын шөрмөсийг тасалж, тэрэгнүүдийг нь галд шатаах болно гэлээ.
7. Ийнхүү Иошуа цэргийн бүх хүмүүсийн хамт Меромын усны дэргэд тэдний дээр гэнэт орж ирж, тэднийг довтлов.
8. ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгч, Израиль тэднийг ялж, Агуу Сидон, Мисрефот-маим болон Мизпегийн хөндий хүртэл тэднийг мөшгөн хөөж, тэдэнд нэг ч амьд хүн үлдэхгүй болтол нь тэднийг цохив.
9. ЭЗЭНий өөрт нь айлдсаныг Иошуа тэдэнд үйлдэж, морьдынх нь шөрмөсийг таслан, тэрэгнүүдийг нь галд шатаалаа.
10. Тэр цагт Иошуа буцаж, Хазорыг эзлэн авч, хааныг нь илдээр цохив. Учир нь Хазор урьд нь эдгээр бүх хаанчлалын тэргүүн байв.
11. Тэд хот доторх бүх хүнийг илдний ирээр цохин хүйс тэмтрэв. Амьсгалтай нэг ч хүнийг тэнд үлдээгээгүй. Иошуа Хазорыг галдан шатаав.
12. Мөн Иошуа тэдгээр хаадын бүх хотуудыг хаадтай нь хамт эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасанчлан хүйс тэмтрэв.
13. Гэхдээ Иошуагийн шатаасан хот болох Хазораас бусад, довон дээрээ баригдан зогсох хотуудаас нэгийг нь ч Израиль шатаагаагүй юм.
14. Израилийн хөвгүүд эдгээр хотуудын бүх эд хогшил болон мал сүргийг өөрсдөдөө олз болгон авсан. Харин бүх хүмүүсийг устган устгатлаа илдний ирээр цохижээ. Тэд амьсгаатай нэг ч хүн үлдээгээгүй.
15. ЭЗЭН өөрийн зарц Мосед тушаасан шиг, Мосе Иошуад тушааж, Иошуа ч тушаал ёсоор үйлдэв. ЭЗЭНий Мосед тушаасан бүхнээс Иошуа нэг ч зүйлийг хийлгүйгээр орхисонгүй.