2. Үй олон хүн Түүнийг дагаж байлаа. Учир нь тэд өвчтэй хүмүүст үйлдсэн Түүний тэмдгийг харсан ажээ.
3. Есүс уулан дээр гарч, тэнд шавь нарынхаа хамт суув.
4. Иудейчүүдийн баяр болох Дээгүүр Өнгөрөх баяр ойртсон байлаа.
5. Есүс харцаа дээшлүүлэн, Өөр уруу нь үй олон хүн ирж буйг хараад, Филипт—Тэднийг хооллох талхыг бид хаанаас худалдаж авах вэ? гэлээ.
6. Есүс Филипийг сорихын тулд тийн асуужээ. Учир нь Есүс юу хийхээ Өөрөө мэдэж байлаа.
7. Филип Түүнд—Хүн бүр жаахан авлаа ч гэсэн хоёр зуун денарын талх тэдэнд хүрэлцэхгүй шүү дээ гэв.
8. Шавь нарын нэгэн болох Симон Петрийн дүү Андрей Есүст хандан—
9. Энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна. Гэвч тэр нь энэ олон хүнд юу болох вэ? гэсэнд
10. Есүс—Хүмүүсийг суулга гэв. Тэр газар нь их зүлэгтэй газар бөгөөд таван мянга орчим эрчүүд сууцгаасан байв.
11. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, сууцгаасан хүмүүст тарааж өгөв. Мөн загасыг ч тэдний хүссэнээр өгчээ.
12. Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа—Юу ч хаяхгүйн тулд үлдэгдлийг нь цуглуул гэв.
13. Хүмүүсийг хооллосон таван арвайн талхны үлдэгдлийг тэд цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.
14. Хүмүүс Есүсийн үйлдсэн тэмдгийг үзээд—Ертөнцөд ирэх ёстой өнөөх Эш үзүүлэгч үнэхээр энэ мөн гэж ярилцах болжээ.
15. Тэд ирж, Өөрийг нь хүчлэн хаан болгохыг хүсэж байгааг Есүс мэдээд, зайлж ганцаараа дахин уул уруу явлаа.
16. Орой болоход шавь нар нь нуурын зүг буугаад,
17. завинд сууцгаасны дараа, нуурыг гатлан Капернаумыг зүглэв. Хэдийн харанхуй болсон авч Есүс тэдэн уруу ирээгүй л байлаа.