Иохан 5:23-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй хүн нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй.

24. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Миний үгийг сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс өнгөрч амь уруу шилжив.

25. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үхэгсэд Бурханы Хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Сонсогчид нь амьдрах болно.

26. Учир нь Эцэгт Өөрт нь амь байдгийн адил мөн Хүүд Өөрт нь амь байлгахыг Тэр Хүүдээ соёрхжээ.

27. Тэр бол Хүний Хүү мөн тул шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг Тэр Түүнд өгөв.

28. Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон,

29. гарч ирэх цаг ирж байна. Сайн үйлийг үйлдсэн хүмүүс нь амийн амилалт уруу, муу үйлийг үйлдсэн хүмүүс нь ялын амилалт уруу гарч ирнэ.

30. Би Өөрийн санаагаар юуг ч үйлдэж чадахгүй. Би сонссоноороо шүүх бөгөөд Миний шүүлт шударга. Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг.

31. Хэрэв Би Өөрийнхөө тухай ганцаараа гэрчилбэл, Миний гэрчлэл үнэн биш байна.

32. Намайг гэрчлэгч өөр Нэгэн бий. Намайг гэрчилж байгаа Түүний гэрчлэл нь үнэн гэдгийг Би мэднэ.

33. Та нар Иохан уруу хүн илгээхэд, үнэний тухай тэр гэрчилсэн билээ.

34. Гэвч Би хүнээс гэрчлэл авдаггүй, харин Би эдгээрийг хэлж байгаа нь та нарыг аврагдаасай гэсэнд юм.

35. Иохан бол асаж, гэрэлтэж байсан дэнлүү байв. Та нар түүний гэрэлд түр зуур баярлахыг хүсэж байсан.

36. Харин Иоханы гэрчлэлээс илүү агуу гэрчлэл Надад байна. Учир нь Эцэгийн биелүүл хэмээн Надад өгсөн ажлууд ба Миний хийж байгаа ажлууд нь Эцэг Намайг илгээснийг буюу Миний тухай гэрчилдэг.

37. Намайг илгээсэн Эцэг Өөрөө Намайг гэрчилсэн юм. Та нар хэзээ ч Түүний дууг сонсоогүй, Түүний дүр төрхийг ч хараагүй.

38. Түүний илгээсэн Хүнд та нар итгээгүй тул та нарын дотор Түүний үг оршдоггүй.

39. Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ.

40. Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй.

41. Би хүмүүсээс алдар хүндийг авдаггүй.

42. Харин та нарын дотор Бурханы хайр байхгүйг Би мэднэ.

43. Би Эцэгийнхээ нэрээр ирсэн юм. Гэтэл та нар Намайг хүлээж аваагүй. Хэрэв өөр нэгэн өөрийнхөө нэрээр ирвэл, та нар түүнийг хүлээн авна.

Иохан 5