Иохан 19:23-41 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Цэргүүд Есүсийг цовдлоод, гадуур хувцсыг нь авч дөрвөн хэсэг болгож хувь хувиа хүртжээ. Дээрээс нь битүү нэхсэн ямар ч оёдолгүй дотуур хувцас бас байлаа.

24. Тэд хоорондоо—Үүнийг урахгүй. Харин хэнийх болохыг шийдэхийн тулд үүний төлөө шодоцгооё гэв. Энэ нь «Тэд гадуур хувцсыг минь хуваан авч, Миний хувцасны төлөө шодох болно» [гэсэн] Судар биелэгдэхийн тулд ажээ.

25. Тиймээс цэргүүд энэ бүхнийг үйлдсэн юм. Харин Есүсийн загалмайн дэргэд Есүсийн эх, мөн нагац эгч нь болон Клопын эхнэр Мариа бас Магдалын Мариа нар зогсож байсан юм.

26. Есүс эхийгээ болон хайртай байсан шавиа ойр зогсохыг хараад, эхдээ—Эмэгтэй, энэ бол таны хүү гээд,

27. өнөөх шавьдаа—Энэ бол чиний эх гэж айлдав. Тэр цагаас хойш тэр шавь нь Есүсийн эхийг гэртээ аваачив.

28. Үүний дараа Есүс бүх юм эдүгээ гүйцэлдсэнийг мэдээд Судар биелэгдэхийн тулд—Би цангаж байна гэлээ.

29. Дүүрэн цагаан цуутай сав тэнд байжээ. Тэд цуу шингээсэн далайн хөвөнг хиссопын мөчирт торгоож Есүсийн аманд хүргэв.

30. Есүс цууг амсаж—Гүйцэлдлээ! гээд, тэргүүнээ гудайлган сүнсээ даатгав.

31. Тэр өдөр нь бэлтгэлийн өдөр байв. Амралтын өдөр цогцсуудыг загалмай дээр байлгах ёсгүй тул (мөн тэр Амралтын өдөр нь онцгой өдөр байсан учраас) иудейчүүд, тэдний хөлийг хугалж, тэднийг зайлуулахыг Пилатаас гуйжээ.

32. Цэргүүд ирж, Есүстэй хамт цовдлогдсон эхний хүний болон нөгөө хүнийх нь хөлийг хугалав.

33. Харин Есүс уруу ирээд Түүний хэдийн үхсэн байхыг тэд үзээд, хөлийг нь хугалсангүй.

34. Цэргүүдийн нэг нь Түүнийг хажуу уруу нь жадлахад цус, ус гоожлоо.

35. Харсан хүн нь үүнийг гэрчлэв. Түүний гэрчлэл нь үнэн бөгөөд та нарыг ч мөн итгүүлэхийн тулд үнэн ярьдаг гэдгээ тэр мэднэ.

36. Судрын “Түүний нэг ч яс хугалагдахгүй” гэсэн нь биелэгдэхийн тулд эдгээр нь болжээ.

37. “Тэд жадалсан Хүн уруугаа харах болно” гэж мөн өөр Сударт хэлдэг.

38. Энэ бүхний дараа Есүсийн цогцсыг авахын тулд Ариматын Иосеф Пилатаас гуйсанд тэр зөвшөөрчээ. Иосеф иудейчүүдээс эмээж, нууцаар Есүсийн шавь байсан юм. Тэгээд тэр очиж, цогцсыг нь авчээ.

39. Мөн Никодем мирр, алоены зуун литра хольцыг авч ирэв. Тэр анх шөнөөр Есүс уруу ирж байсан юм.

40. Тэд Есүсийн цогцсыг авч, иудейчүүдийн оршуулгын заншил ёсоор анхилуун үнэртэнтэй маалинган даавуугаар ороов.

41. Түүнийг цовдолсон газарт цэцэрлэг байсан бөгөөд тэнд хэнийг ч тавиагүй шинэ хадан булш байлаа.

Иохан 19