10. Тиймд Пилат Түүнд—Та надад хэлэхгүй юм уу? Таныг суллах ба загалмайд цовдлох эрх мэдэл надад байгааг Та мэдэхгүй байна гэж үү? гэлээ.
11. Есүс [түүнд]—Танд дээрээс эрх мэдэл өгөгдөөгүй л бол, Миний эсрэг байх ямар ч эрх мэдэл баймааргүйсэн. Тиймээс Намайг танд тушаасан хүн нь илүү нүгэлтэй юм гэж айлдав.
12. Үүний улмаас Пилат Түүнийг суллахыг оролджээ. Харин иудейчүүд—Хэрэв та энэ Хүнийг суллавал, Цезарийн анд нөхөр биш. Өөрийгөө хаан хэмээгч хүн болгон Цезарийн дайсан мөн гэж хашхиралдаж байв.
13. Тэдгээр үгсийг Пилат сонсоод Есүсийг гаргаж, Шигтгэмэл чулуун индэр буюу еврейгээр Габбата гэдэг газарт шүүгчийн суудалд суув.
14. Дээгүүр Өнгөрөх баярын бэлтгэл өдөр байлаа. Зургадугаар цагийн орчим Пилат иудейчүүдэд—Харагтун. Та нарын Хаан! гэж хэллээ.
15. Тэгтэл тэд—Түүнийг тонилго, тонилго. Түүнийг цовдол хэмээн хашхиралдсанд Пилат тэдэнд—Танай Хааныг би цовдлох уу? гэхэд ахлах тахилч нар—Цезариас өөр хаан бидэнд байхгүй гэв.
16. Ингээд Пилат Түүнийг цовдлуулахаар тэдэнд тушаалаа.
17. Иймээс тэд Есүсийг аваад явлаа. Есүс загалмайгаа үүрсээр еврейгээр Голгота буюу Гавлын Газар хэмээх газар уруу явав.
18. Тэнд Түүнийг өөр хоёр хүний хамт хүмүүс цовдолжээ. Есүсийг дунд нь, хоёр талд нь тэднийг цовдлов.
19. Пилат мөн пайзан дээр «Иудейчүүдийн Хаан, Назарын Есүс» гэж бичээд, Есүсийн загалмай дээр тавиулжээ.
20. Есүсийг цовдолсон газар хотоос холгүй байсан бөгөөд пайзан дээр еврей, латин, грек хэлээр бичсэн тул олон иудейчүүд үүнийг уншжээ.