Иохан 12:9-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Үй олон иудейчүүд Есүсийг тэнд байгааг мэдээд зөвхөн Есүсийн төлөө биш, харин Түүний үхлээс амилуулсан Лазарыг бас үзэхээр иржээ.

10. Харин ахлах тахилч нар мөн Лазарыг алахаар зөвлөлдөв.

11. Учир нь Лазараас болж иудейчүүдээс олон хүн явж, Есүст итгэж байлаа.

12. Маргааш нь баярт ирсэн үй олон хүн Есүсийг Иерусалим уруу ирж явааг сонсоод,

13. далдуу модны мөчрийг барьж, Түүнийг угтахаар гарч,—Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилийн Хаан ерөөлтэй еэ! гэж хашхиралдаж байлаа.

14. Есүс залуу илжиг олж унасан байв. Энэ нь

15. «Сионы охин оо, бүү ай! Харагтун, Хаан чинь илжигний дудран унаад ирж байна» гэж бичигдсэнчлэн болов.

16. Шавь нар нь эдгээр зүйлсийг анхандаа ойлгоогүй ажээ. Харин Есүсийг алдарших үед эдгээр нь Түүний тухай бичсэн байсныг, мөн хүмүүс Түүнд эдгээрийг үйлдсэн гэдгийг нь санажээ.

17. Есүс Лазарыг булшнаас дуудаж, үхэгсдээс амилуулахад нь Түүнтэй хамт байсан олон түмэн Есүсийг гэрчилж байлаа.

18. Тиймээс олон түмэн Есүсийн эдгээр тэмдгийг үйлдсэнийг сонссон тул Түүнийг угтав.

19. Тэгтэл фарисайчууд өөр хоорондоо—Хараач, та нарын үйлс ямар ч ашиг алга. Харцгаа, Түүний араас бүгд дагалаа гэцгээв.

20. Баяраар Бурханд мөргөхөөр ирсэн хүмүүсийн дунд хэдэн Грек хүн байлаа.

21. Тэд Галилын Бетсайдын Филип уруу очиж, түүнээс—Эзэнтэн, бид Есүсийг хармаар байна гэж гуйсанд

22. Филип явж Андрейд хэлэв. Андрей, Филип нар явж Есүст дуулгав.

23. Есүс тэдэнд—Хүний Хүүгийн алдарших цаг нь ирлээ.

24. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв улаан буудайн үр газар унаад үхэхгүй бол тэр ганцаараа үлдэнэ. Харин хэрвээ тэр үхвэл олон үр бий болгоно.

25. Өөрийн амийг хайрлагч хүн түүнийгээ алдана. Энэ ертөнцөд өөрийн амийг үзэн яддаг хүн түүнийгээ мөнх аминд хүртэл хамгаалах болно.

26. Хэрэв Надад үйлчлэх хүн байвал, Намайг дага. Хаана Би байна, тэнд бас Миний зарц байх болно. Хэрэв хүн Надад үйлчилбэл, тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ.

27. Одоо сэтгэл минь шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? “Аав аа, энэ цагаас Намайг авраач” гэх үү? Гэвч Би энэ зорилгын төлөө энэ цагт л ирсэн.

Иохан 12