Иохан 12:19-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Тэгтэл фарисайчууд өөр хоорондоо—Хараач, та нарын үйлс ямар ч ашиг алга. Харцгаа, Түүний араас бүгд дагалаа гэцгээв.

20. Баяраар Бурханд мөргөхөөр ирсэн хүмүүсийн дунд хэдэн Грек хүн байлаа.

21. Тэд Галилын Бетсайдын Филип уруу очиж, түүнээс—Эзэнтэн, бид Есүсийг хармаар байна гэж гуйсанд

22. Филип явж Андрейд хэлэв. Андрей, Филип нар явж Есүст дуулгав.

23. Есүс тэдэнд—Хүний Хүүгийн алдарших цаг нь ирлээ.

24. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв улаан буудайн үр газар унаад үхэхгүй бол тэр ганцаараа үлдэнэ. Харин хэрвээ тэр үхвэл олон үр бий болгоно.

25. Өөрийн амийг хайрлагч хүн түүнийгээ алдана. Энэ ертөнцөд өөрийн амийг үзэн яддаг хүн түүнийгээ мөнх аминд хүртэл хамгаалах болно.

26. Хэрэв Надад үйлчлэх хүн байвал, Намайг дага. Хаана Би байна, тэнд бас Миний зарц байх болно. Хэрэв хүн Надад үйлчилбэл, тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ.

27. Одоо сэтгэл минь шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? “Аав аа, энэ цагаас Намайг авраач” гэх үү? Гэвч Би энэ зорилгын төлөө энэ цагт л ирсэн.

28. Аав аа, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл тэнгэрээс—Би нэрээ алдаршуулсан. Дахин алдаршуулна гэсэн дуу гарлаа.

29. Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод—Тэнгэр дуугарлаа гэхэд зарим нь—Тэнгэр элч Түүнтэй ярилаа гэцгээв.

30. Есүс—Энэ дуу Миний төлөө биш, харин та нарын төлөө гарсан.

31. Одоо энэ ертөнц шүүгдэх гэж байна. Одоо энэ ертөнцийн захирагч зайлуулагдах болно.

32. Хэрэв Би газраас өргөгдвөл, бүх хүнийг Өөртөө татна хэмээн айлдлаа.

33. Тэр Өөрөө ямар үхлээр үхэхээ онцолж үүнийг хэлжээ.

34. Хурсан олон Түүнд—Христ мөнхөд байна гэж бид хуулиас сонссон атал Та “Хүний Хүү өргөгдөх ёстой” гэж яаж ярьж чадна вэ? Энэ Хүний Хүү нь хэн бэ? гэв.

Иохан 12