Иохан 1:12-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв.

13. Тэд цусаар биш, махан биеийн хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ.

14. Үг нь махан бие болж бидний дунд оршин, бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм.

15. Иохан Түүний тухай гэрчлэн хашхирч—“Миний араас Ирэгч нь надаас эрхэм. Учир нь Тэр надаас урьд оршин байсан” гэж би Түүний тухай хэлсэн юм гэлээ.

16. Учир нь Түүний дүүрнээс бид бүгдээрээ нигүүлсэл дээрээ нигүүлслийг хүлээн авсан.

17. Яагаад гэвэл Хууль Мосегээр өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр дамжуулан ирсэн билээ.

18. Бурханыг хэн ч хэзээ ч хараагүй бөгөөд Эцэгийн өвөр дэх цорын ганц Хүү болох Бурхан нь Түүнийг таниулсан юм.

19. Иоханаас “Та хэн бэ?” гэж асуулгахаар иудейчүүд Иерусалимаас тахилч нар болон левичүүдийг илгээхэд түүний хэлсэн гэрчлэл ийм байлаа.

20. Тэр үгүйсгэлгүй хүлээн зөвшөөрч—Би Христ биш гэж зөвшөөрөн хэллээ.

21. Тэд түүнээс—Тэгвэл та хэн юм бэ? Та Елиа юм уу? гэж асуухад, тэр—Би биш гэсэнд,—Та өнөөх Эш үзүүлэгч үү? гэхэд тэр—Үгүй гэлээ.

22. Тэгтэл тэд түүнд—Та хэн бэ? Биднийг явуулсан хүмүүст бид хариу өгөх учиртай. Та өөрийнхөө тухай юу хэлэх вэ? гэв.

23. Иохан—Эш үзүүлэгч Исаиагийн айлдсан “ЭЗЭНий замыг шулуун болгогтун” гэж цөлд хашхирах нэгний дуу бол би билээ гэж хэлэв.

Иохан 1