9. «Би чиний зовлон шаналал, ядуу байдлыг (гэвч чи баян) болон өөрсдийгөө иудейчүүд хэмээгчдээр доромжлогддогийг чинь мэднэ. Харин тэд иудейчүүд биш бөгөөд Сатаны синагог юм.
10. Эдлэх гэж буй зовлонгоосоо бүү ай. Үзэгтүн, диавол та нарыг сорихын тулд та нараас заримыг чинь шоронд хаях гэж байна. Та нарт арван өдөр гай зовлон учрах болно. Үхэл хүртэл итгэмжтэй бай. Тэгээд Би чамд амийн титмийг өгнө.
11. Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун. Ялагч нь хоёр дахь үхлээр хохирохгүй»”.
12. Пергам дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн.“Хоёр талдаа хурц ирт илдтэй Нэгэн үүнийг айлдаж байна.
13. «Би чиний хаана нутагладгийг болон тэнд чинь Сатаны сэнтий байдгийг мэднэ. Чи Миний нэрийг бат сахидаг бөгөөд Миний итгэлийг үгүйсгээгүй, бүр Сатаны нутагладаг газарт, та нарын дунд алагдсан Миний гэрч, Миний итгэлт нэгэн болох Антипын өдрүүдийн үед ч үгүйсгээгүй билээ.
14. Харин чиний эсрэг хэдэн зүйл Надад байна. Яагаад гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид байдаг. Балаам нь Израилийн хөвгүүдийн өмнө бүдрүүлэх саад тавиулах гэж, шүтээнүүдэд тахисан юмсыг идүүлж, садар самууныг үйлдүүлэх гэж Балакийг сургасаар байсан.
15. Тэрчлэн үүний адилаар николайчуудын сургаалыг сахигчид ч чамд бий.
16. Тиймээс гэмшигтүн. Эс бөгөөс Би чам уруу даруй очиж, амныхаа илдээр тэдэнтэй тулалдах болно.
17. Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун. Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүнийг хүлээн авагчаас өөр хэн ч мэдэхгүй чулуун дээр бичигдсэн шинэ нэр өгнө»”.
18. Туатейр дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн.“Галын дөл мэт нүдтэй, өнгөлсөн хүрэл мэт хөлтэй, Бурханы Хүү үүнийг айлдаж байна.
19. «Би чиний ажил үйлс, хайр, итгэл, үйлчлэл, тэвчээрийг болон эцсийн ажил үйл чинь эхнийхээсээ агуу гэдгийг мэднэ.
20. Гэвч чиний эсрэг зүйл Надад байна. Юу гэвэл өөрийгөө эш үзүүлэгч хэмээн нэрлэдэг Иезебел гэгч эмэгтэйд Миний боолуудыг сурган, төөрөлдүүлэхийг чи зөвшөөрсөн. Тэгснээр тэд садар самуун үйлдэн, шүтээнүүдэд өргөсөн юмсыг иддэг ажээ.
21. Би тэр эмэгтэйд гэмших хугацаа өгсөн. Харин тэр садар самуун үйлдсэндээ гэмшихийг хүсдэггүй.
22. Харагтун, Би түүнийг орон дээр хаяна. Хэрэв тэд тэр эмэгтэйн үйлдэлд гэмшихгүй бол, түүнтэй завхайрагчдыг үлэмж гай зовлонд унагана.
23. Түүний хүүхдүүдийг Би үхлээр хөнөөнө. Би бол оюун санааг хийгээд зүрхийг Нягтлагч гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн нэг бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.