Илчлэлт 16:4-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Гурав дахь нь аягатайгаа гол мөрөн болон усны ундаргууд дээр асгасанд, цус боллоо.

5. Усны тэнгэр элч—Өө, Ариун Нэгэн минь, Та эдгээрийг шүүсэн тул, байгаа, байсан Та зөвт юм.

6. Яагаад гэвэл тэд ариун хүмүүсийн ба эш үзүүлэгчдийн цусыг урсгав. Та тэдэнд уулгахаар цус өгсөн. Тэднийг ингэвэл зохино гэхийг би сонсов.

7. Тахилын ширээ—Тийм ээ, Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны шүүлт бол үнэн бөгөөд зөвт гэхийг би сонсов.

8. Дөрөв дэх нь аягатайгаа наран дээр асгалаа. Хүмүүсийг галаар төөнөхийг түүнд зөвшөөрчээ.

9. Хүмүүс шатам халуунаар төөнөгдсөн ч эдгээр гамшгуудыг захирах эрхтэй Бурханы нэрийг доромжиллоо. Тэд Түүнд алдрыг өргөе хэмээн гэмшсэнгүй.

10. Тав дахь нь аягатайгаа араатны сэнтий дээр асгав. Түүний хаанчлал харанхуй болж, тэд өвдсөндөө хэлээ хазалж,

11. зовуур, шархнаасаа болж тэнгэрийн Бурханыг доромжлов. Тэд өөрсдийнхөө үйлсэд гэмшсэнгүй.

12. Зургаа дахь нь аягатайгаа агуу их Евфрат мөрөнд асгасанд ус нь ширгэв. Ингэснээр нар мандах зүгээс ирэх хаадад зам бэлтгэгдэх юм.

13. Лууны амнаас, араатны амнаас, хуурамч эш үзүүлэгчийн амнаас мэлхий шиг гурван бузар сүнс гарахыг би харав.

14. Учир нь тэд бол тэмдгүүдийг үйлдэн, Төгс хүчит Бурханы агуу өдрийн дайнд хамтад нь цуглуулахаар бүх дэлхийн хаад дээр гарч очих чөтгөрүүдийн сүнснүүд юм.

15. (Харагтун, Би хулгайч шиг ирнэ. Сэрүүн байж, хувцсаа сахидаг хүн ерөөлтэй еэ! Эс тэгвэл, тэр хүн нүцгэн явж, ичгүүрийг нь хүмүүс харах вий.)

16. Тэд хаадыг еврейгээр “Хармагедон” гэгддэг газарт цуглуулав.

17. Долоо дахь нь аягатайгаа агаарт асгав. Сүм дотроос сэнтийнээс—Энэ дууслаа гэх чанга дуу гарав.

Илчлэлт 16