14. ингэхдээ «Үгүй, харин бид Египетийн нутаг уруу явна. Тэнд бид дайныг харахгүй, бүрээн дуу сонсохгүй, тахлаар өлсөхгүй бөгөөд тэнд бид үлдэх болно» гэвэл,
15. тийм нөхцөлд, Иудагийн үлдэгсэд ээ, ЭЗЭНий үгийг сонсоцгоо. Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Хэрэв та нар үнэхээр Египет уруу орж, тэнд амьдрахаар шийдвэл,
16. та нарын айж байгаа илд та нарыг тэнд, Египетийн нутагт гүйцэж хүрнэ. Та нарын санаа зовж байгаа өлсгөлөн тэнд, Египетэд та нарын араас ойрхон дагах бөгөөд та нар тэнд нас барна.
17. Тиймээс Египет уруу явж, тэнд амьдрахаар шийдсэн бүх хүмүүс илд, өлсгөлөн болон тахлаар үхэх болно. Миний тэдэн дээр авчрах гэж байгаа гай гамшгаас амьд үлдэгсэд, дүрвэгсэд тэдэнд үлдэхгүй» хэмээв”.
18. Учир нь түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Иерусалимын оршин суугчид дээр Миний уур, хилэн асгарсан шиг, та нарыг Египет уруу ороход та нарын дээр Миний хилэн асгарах болно. Та нар хараал, аймшиг, зүхэл, зэвүүцэл болно. Та нар энэ газрыг дахиад харахгүй”.
19. Иудагийн үлдэгсэд ээ, ЭЗЭН та нарт “Египет уруу бүү яв!” гэж айлдав. Өнөөдөр би та нарын эсрэг гэрчилсэн гэдгийг та нар тодорхой ойлгох хэрэгтэй.
20. Учир нь та нар өөрсдийгөө хуурав. Учир нь “Бидний Бурхан ЭЗЭНд бидний төлөө залбираач. Бидний Бурхан ЭЗЭН юу ч хэлсэн, бидэнд тийнхүү хэлж, бид түүнийг үйлдье” гэж хэлэн, намайг өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу илгээсэн нь та нар шүү дээ.
21. Ингээд би та нарт өнөөдөр хэлсэн боловч та нар уруу намайг илгээсэн зүйлсэд ч хүртэл та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНийг дагасангүй.
22. Тийм учраас очиж, амьдрахыг хүсэж буй тэр газартаа та нар илд, өлсгөлөн болон тахлаар үхнэ гэдгийг та нар одоо тодорхой ойлгох ёстой гэв.