Иеремиа 32:6-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Иеремиа—ЭЗЭНий үг над уруу ирж,

7. “Үзэгтүн, чиний авга ах Шаллумын хүү Ханамел чам уруу ирж байгаа бөгөөд «Анатот дахь миний талбайг өөртөө худалдан авагтун. Учир нь худалдан авах золилтын эрх нь чамд бий» гэж байна” гэсэн.

8. Тэгтэл авга ахын минь хүү Ханамел ЭЗЭНий үгийн дагуу харуулын хашаанд над уруу ирж, надад Бениамины нутагт орших Анатот дахь миний талбайг худалдан аваач. Учир нь чамд эзэмших эрх байгаа ба золилт нь чинийх билээ. Өөртөө худалдан аваач” гэж хэлэв. Тэгэхэд үүнийг ЭЗЭНий үг байна гэдгийг би мэдэв.

9. Би өөрийн авга ахын хүү Ханамелаас Анатот дахь талбайг худалдан авч, түүнд арван долоон шекел мөнгө хэмжиж өгөв.

10. Би гарын үсгээ зурж, баримт бичгийг битүүмжлэн, гэрчүүдийг дуудан, мөнгийг жин дээр хэмжиж өгөв.

11. Тэгээд би худалдан авсан юмны баримтыг буюу нөхцөл болзлыг агуулсан битүүмжлэгдсэн хувь, битүүмжлэгдээгүй хувийг хоёуланг нь авав.

12. Миний авга ахын хүү Ханамел болон худалдан авсан юмны баримтанд гарын үсгээ зурсан гэрчүүдийн нүдэн дээр, мөн харуулын хашаанд сууж байсан бүх иудейчүүдийн өмнө би худалдан авсан юмны баримтыг Махсеиагийн ач, Нериагийн хүү Барухад өгөв.

13. Тэдний өмнө би Барухад тушаан,

14. “Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Эдгээр баримтуудыг буюу худалдан авсан юмны битүүмжлэгдсэн баримт болон нээлттэй баримтыг аваад, тэд урт удаан хугацааны турш хадгалагдахын тулд тэднийг шавар ваарт хий» хэмээв.

15. Учир нь Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ нутагт гэрүүд, талбайнууд болон усан үзмийн талбайнууд дахин худалдагдан авагдах болно» хэмээв” гэж хэлсэн.

16. Худалдан авсан юмны баримтыг Нериагийн хүү Барухад өгсний дараа би ЭЗЭНд залбирсан.

17. “Өө, Эзэн БУРХАН! Үзэгтүн, Та Өөрийн аугаа хүч чадлаар болон Өөрийн сунгасан мутраар тэнгэрүүд ба газрыг бүтээсэн билээ. Танд юу ч дэндүү хэцүү биш.

18. Та мянга мянган хүнд хайр энэрэл харуулдаг боловч эцэг өвгөдийн гэм бурууг араас нь үр хүүхдийнх нь өвөрт төлдөг, аугаа хүчит Бурхан юм. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН билээ.

19. Та бол хүн бүрд өөрийнх нь зам болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүмүүсийн хөвгүүдийн бүх замналуудыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг билээ.

20. Та энэ өдрийг хүртэл Израильд ч, хүн төрөлхтний дунд ч Египетийн нутаг дахь тэмдгүүд болон гайхамшгуудыг тогтоожээ. Энэ өдөр байгаатай адил Та Өөртөө алдар нэрийг бүтээжээ.

Иеремиа 32