Иеремиа 32:30-44 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. Үнэндээ Израилийн хөвгүүд болон Иудагийн хөвгүүд залуу үеэсээ Миний мэлмийд зөвхөн бузар мууг үйлдэж байсан билээ. Учир нь Израилийн хөвгүүд өөрсдийн гарын бүтээлээр Намайг зөвхөн уурлуулж байв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

31. Үнэндээ Надад энэ хот тэднээр баригдсан өдрөөсөө энэ өдрийг хүртэл Миний уур болон Миний хилэн байсан нь Миний нүүр царайны өмнөөс зайлуулагдахын тулд юм.

32. Энэ нь Намайг уурлуулахаар тэд, тэдний хаад, удирдагчид, тахилч нар, эш үзүүлэгчид, Иудагийн эрчүүд болон Иерусалимын оршин суугчдын буюу Израилийн хөвгүүд болон Иудагийн хөвгүүдийн үйлдсэн бүх бузар муугаас болсон юм.

33. Тэд нүүрээ бус, нуруугаа Над уруу харуулав. Хэдийгээр тэдэнд дахин, дахин заан сургасан боловч, тэд үл сонсож, зааврыг хүлээн авахгүй байв.

34. Харин тэд Миний нэрээр дуудагдсан өргөөг бузарлахын тулд түүн дотор өөрсдийн жигшүүрт зүйлсээ тавьдаг.

35. Тэд өөрсдийн хөвгүүд ба охидыг Молехт зориулан гал дундуур өнгөрүүлэхийн тулд Бен-хинномын хөндий дэх Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьдаг. Би тэдэнд үүнийг тушаагаагүй бөгөөд Иудагаар нүгэл үйлдүүлэхийн тулд тэд энэ жигшүүрт зүйлийг хийх нь Миний оюун бодолд ч орсонгүй.

36. Тийм учраас одоо Израилийн Бурхан ЭЗЭН «Энэ нь илд, өлсгөлөн болон тахлаар Вавилоны хааны гарт тушаагдсан» гэж чиний хэлж буй энэ хотын талаар ингэж айлдаж байна.

37. Үзэгтүн, Өөрийн уур, хилэн хийгээд их зэвүүцлээр тэднийг зайлуулсан бүх нутгаас Би тэднийг цуглуулна. Би тэднийг энэ газарт буцаан авчирч, тэднийг аюулгүй амьдруулна.

38. Тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно.

39. Тэд өөрсдийн сайны төлөө болон өөрсдийн дараах үр хүүхдүүдийнхээ төлөө Надаас үргэлж эмээхийн тулд Би тэдэнд нэг зүрх, нэг замыг өгнө.

40. Тэдэнд сайныг үйлдэн, тэднээс эргэхгүй гэж Би тэдэнтэй үүрдийн гэрээ байгуулна. Тэд Надаас эргэхгүйн тулд Би тэдний зүрхэнд Надаас эмээхүйг хийнэ.

41. Би тэдэнд сайныг үйлдэхээр тэдэнд баярлан баясаж, бүх зүрх болон бүх сэтгэлээрээ тэднийг энэ нутагт итгэлтэйгээр тарьж суулгана.

42. Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би энэ ард түмэн дээр эдгээр бүх агуу гамшгуудыг авчирсантай адил түүнчлэн Би тэдэнд амлаж байгаа бүх сайныг Би тэдэн дээр авчрах гэж байна.

43. Чиний “Энэ нь хүн амьтангүй зэлүүд газар. Энэ нь халдеичуудын гарт тушаагджээ” гэж хэлж байгаа энэ нутагт талбайнууд худалдан авагдах болно.

44. Хүмүүс мөнгөөр талбайнуудыг худалдан авч, гарын үсгээ зурж, баримтуудаа битүүмжилж, Бениамины нутагт, Иерусалимын орчимд, Иудагийн хотуудад, уулархаг нутгийн хотуудад, нам дор газрын хотуудад болон Негевийн хотуудад гэрчүүдийг дуудна. Учир нь Би тэдний сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гэв.

Иеремиа 32