17. “Өө, Эзэн БУРХАН! Үзэгтүн, Та Өөрийн аугаа хүч чадлаар болон Өөрийн сунгасан мутраар тэнгэрүүд ба газрыг бүтээсэн билээ. Танд юу ч дэндүү хэцүү биш.
18. Та мянга мянган хүнд хайр энэрэл харуулдаг боловч эцэг өвгөдийн гэм бурууг араас нь үр хүүхдийнх нь өвөрт төлдөг, аугаа хүчит Бурхан юм. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН билээ.
19. Та бол хүн бүрд өөрийнх нь зам болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүмүүсийн хөвгүүдийн бүх замналуудыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг билээ.
20. Та энэ өдрийг хүртэл Израильд ч, хүн төрөлхтний дунд ч Египетийн нутаг дахь тэмдгүүд болон гайхамшгуудыг тогтоожээ. Энэ өдөр байгаатай адил Та Өөртөө алдар нэрийг бүтээжээ.
21. Та Өөрийн ард түмэн Израилийг тэмдгүүд, гайхамшгууд, хүчит гар, сунгасан мутраар болон агуу аймшгаар Египетийн нутгаас гарган авчирч,
22. Тэдний эцэг өвгөдөд нь өгөхөөр Өөрийн амласан нутаг болох сүү балаар бялхсан нутгийг тэдэнд өгсөн билээ.
23. Тэд орж ирээд, түүнийг эзэмшсэн боловч тэд Таны дуу хоолойг дагаагүй, Таны хуулиар алхаагүй. Таны тэдэнд үйлд гэж тушаасан бүхнээс юуг ч тэд үйлдээгүй. Тийм учраас Та энэ бүх гай гамшгийг тэдэн дээр авчирсан билээ.
24. Үзэгтүн, бүслэлтийн далангууд хотыг авахаар түүнд хүрчээ. Илд, өлсгөлөн болон тахлын улмаас хот өөрийнх нь эсрэг тулалддаг халдеичуудын гарт оров. Таны айлдсан зүйл биелсэн билээ. Үзэгтүн, Та хардаг билээ.
25. Өө, Эзэн БУРХАН, хэдийгээр хот халдеичуудын гарт өгөгдсөн ч гэсэн Та надад «Өөртөө мөнгөөр талбай худалдан авч, гэрчүүдийг дууд» гэсэн билээ” гэжээ.
26. Тэгтэл ЭЗЭНий үг Иеремиад ирж, айлдахдаа
27. “Үзэгтүн, Би бол ЭЗЭН, бүх махан биеийн Бурхан. Надад ямар нэгэн зүйл дэндүү хэцүү юу?”.
28. Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хотыг халдеичуудын гарт болон Вавилоны хаан Небухаднезарын гарт өгөх гэж байгаа бөгөөд тэрээр хотыг авах болно.
29. Энэ хотын эсрэг тулалдаж буй халдеичууд орж ирж, энэ хотод гал тавин, дээвэр дээр нь Баалд утлага өргөн, Намайг уурлуулахын тулд өөр бурхдад ундаан өргөлийг асгасан гэрүүдтэй хамт түүнийг шатаах болно.
30. Үнэндээ Израилийн хөвгүүд болон Иудагийн хөвгүүд залуу үеэсээ Миний мэлмийд зөвхөн бузар мууг үйлдэж байсан билээ. Учир нь Израилийн хөвгүүд өөрсдийн гарын бүтээлээр Намайг зөвхөн уурлуулж байв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
31. Үнэндээ Надад энэ хот тэднээр баригдсан өдрөөсөө энэ өдрийг хүртэл Миний уур болон Миний хилэн байсан нь Миний нүүр царайны өмнөөс зайлуулагдахын тулд юм.