22. Тэднээс болж Вавилонд байгаа Иудагаас ирсэн бүх цөлөгдөгсөд харааж, “ЭЗЭН та нарыг Вавилоны хаанаар галд шаруулсан Зедекиа болон Ахабтай адил болгог.
23. Учир нь тэд Израильд мунхгаар үйлдэж, хөршүүдийнхээ эхнэрүүдтэй садар самууныг үйлдэж, Миний тэдэнд тушаагаагүй үгсийг Миний нэрээр хуурамчаар ярьсан юм. Би бол мэдэгч Тэр бөгөөд гэрч билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна”.
24. Нехелам хүн Шемаиад чи ярин
25. “Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Иерусалим дахь бүх хүмүүст, Маасеиагийн хүү тахилч Зефаниад болон бүх тахилч нарт чи өөрийн нэрээр захидал илгээн,
26. ”ЭЗЭН чамайг тахилч Иехоиадагийн оронд ЭЗЭНий өргөөнд эш үзүүлдэг галзуу хүн бүрийн харгалзагч байхаар, түүнийг дөнгөөр ба төмөр хүзүүвчээр дөнгөлөхөөр тавьсан юм.
27. Яагаад чи чамд эш үзүүлдэг Анатот хүн Иеремиаг буруушаасангүй вэ?
28. Учир нь тэр биднийг Вавилон уруу явуулан «Цөллөг удаан үргэлжилнэ. Гэрүүд барьж амьдар, мөн цэцэрлэгүүд тарьж, бүтээгдэхүүнийг нь ид» гэсэн”»” гэж хэл.
29. Тахилч Зефаниа энэ захидлыг эш үзүүлэгч Иеремиад уншив.
30. Тэгтэл ЭЗЭНий үг Иеремиад ирж,
31. “Бүх цөлөгдөгсдөд үг илгээж «Нехелам хүн Шемаиагийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Би түүнийг илгээгээгүй хэдий ч Шемаиа та нарт эш үзүүлэн, та нарыг худалд итгүүлсэн тул,”
32. Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Нехелам хүн Шемаиаг болон түүний үр удмыг шийтгэх гэж байна. Энэ ард түмний дунд түүнд хэн ч амьд үлдэхгүй бөгөөд Өөрийн хүмүүстээ Миний үйлдэх гэж байгаа сайныг тэрээр харахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг тэрслэлийг номлосон юм”»” гэж хэл хэмээн айлдлаа.