Иеремиа 26:15-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Хэрэв та нар намайг албал, та нар өөрсөд дээрээ, энэ хот болон түүний оршин суугчид дээр гэмгүй цусыг авчрах болно гэдгийг л сайн мэдэгтүн. Учир нь үнэхээр та нарыг сонсож байхад эдгээр бүх үгсийг хэлүүлэхээр ЭЗЭН намайг та нар уруу илгээсэн билээ гэж хэлэв.

16. Тэгэхэд түшмэд болон бүх ард түмэн нь тахилч нар ба эш үзүүлэгчдэд хандан—Энэ хүнд үхэх ял өгөхгүй! Учир нь тэрээр бидний Бурхан ЭЗЭНий нэрээр бидэнд ярив гэж хэлжээ.

17. Дараа нь нутгийн ахмадуудын зарим нь босож, ард түмний бүх чуулганд хандан,—

18. Иудагийн хаан Хезекиагийн үед Морешетын Мика эш үзүүлэв. Тэрээр Иудагийн бүх хүмүүст ярин, “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдав.«Сион талбай мэт хагалагдаж,Иерусалим сүйрч,өргөөний уул ойн мөргөлийн өндөрлөгүүд адил болно»” гэсэн юм.

19. Иудагийн хаан Хезекиа болон бүх Иуда түүнийг алсан уу? Тэрээр ЭЗЭНээс эмээн, ЭЗЭНий тааллыг гуйсан бөгөөд ЭЗЭН тэдний эсрэг зарласан золгүй явдлын талаар Өөрийн бодлоо өөрчлөөгүй гэж үү? Харин бид өөрсдийнхөө эсрэг агуу том бузар муу зүйл үйлдэж байна гэж хэлэв.

20. Үнэхээр, ЭЗЭНий нэрээр эш үзүүлж байсан, Кириат-иеаримын Шемаиагийн хүү Уриа хэмээгч хүн бас байсан юм. Тэрээр энэ хот болон энэ нутгийн эсрэг Иеремиагийнхтай төстэй үгсээр эш үзүүлж байв.

21. Иехоиаким хаан, түүний хүчирхэг бүх эрчүүд болон бүх түшмэд эдгээр үгсийг сонсоод, тэгээд хаан түүнийг алахаар эрэлхийлэв. Харин Уриа сонсоод, айн зугтаж, Египет уруу явав.

22. Тэгэхэд Иехоиаким хаан Египет уруу хүмүүс илгээжээ. Ахборын хүү Елиатан болон хүмүүс түүнтэй хамт Египетэд очив.

23. Тэд Уриаг Египетээс авчирж, түүнийг Иехоиаким хаан уруу аваачив. Тэрээр түүнийг илдээр алж, хүүрийг нь энгийн ардуудын оршуулах газарт хаяв.

24. Харин Шофаны хүү Ахикамын гар Иеремиатай хамт байсан учраас тэрээр алуулахаар хүмүүсийн гарт өгөгдсөнгүй.

Иеремиа 26