1. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Иудагийн хааны гэрт очоод тэнд энэ үгийг хэлж,
2. «Давидын сэнтий дээр суудаг Иудагийн хаан аа, чи болон чиний зарц нар, мөн энэ дааман хаалгуудаар орж ирдэг чиний хүмүүс ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун.
3. ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Шударга ёсыг болон зөв шударгыг үйлдэж, дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар. Мөн харь хүн, өнчин, эсвэл бэлэвсэн хүнтэй буруугаар бүү хандаж, бүү хүчирхийл. Энэ газарт гэмгүй цусыг бүү урсга.
4. Учир нь хүмүүс та нар үнэхээр үүнийг үйлдвэл, Давидын байранд сэнтий дээр нь суун, тэрэг хөлөглөн, морьд унаж өөрөө, өөрийн зарц нар болон өөрийн хүмүүстэй хаад энэ гэрийн дааман хаалгаар орж ирэх болно.
5. Харин хэрэв та нар эдгээр үгсийг эс дагавал, энэ гэр балгас болно гэдгийг Би Өөрөөрөө тангараглаж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна»”.
6. Учир нь Иудагийн хааны гэрийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна.“Чи Надад Гилеад, Ливаны оргил юм.Гэлээ ч Би баттайгаар чамайг цөл мэт, оршин суугчгүй хотууд болгоно.
7. Учир нь тус бүр нь өөр өөрсдийн зэр зэвсэгтэй сүйтгэгчдийг Би чиний эсрэг тавина.Тэд чиний шилмэл хушнуудыг огтолж, гал уруу хаяна.
8. Олон үндэстнүүд энэ хотын хажуугаар өнгөрөх болно. Тэд нэг нэгэндээ «ЭЗЭН яагаад энэ агуу хотод энэ мэтийг үйлдэв?» гэцгээнэ.
9. Тэгээд тэд хариулахдаа «Учир нь тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий гэрээг орхиж, өөр бурхдад мөргөн, тэдэнд үйлчилсэн юм» гэх болно”.
10. Үхсэн хүний төлөө бүү уйл, бүү гашууд.Одсон нэгний төлөө үргэлжлүүлэн уйл.Учир нь тэрээр хэзээ ч эргэж ирэхгүй, төрөлх нутгаа ч харахгүй.
11. Учир нь энэ газраас одсон, өөрийн эцэг Иосиагийн байранд хаан болсон, Иосиагийн хүү Иудагийн хаан Шаллумын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэр хэзээ ч тийшээ буцаж ирэхгүй.
12. Харин тэд түүнийг олзлон аваачсан газарт тэрээр үхэж, энэ нутгийг дахин харахгүй.
13. Өөрийн гэрийг зөв шударга бусаар,дээд өрөөнүүдээ шударга ёсны дагуу биш барьдаг нэгэн нь,хөршдөө хөлсийг нь өгөлгүйгээр түүний үйлчлэлийг ашигладаг нэгэн нь гаслантай яа.
14. Тэр нь «Би өөртөө зай ихтэй, дээд өрөөнүүдтэй, багтаамжтай байшин барьж,цонхнуудыг нь хушаар хавтаслан, хурц улаанаар будаж зүснэ» гэж хэлдэг.
15. Чи хушаар өрсөлдөж байгаа тул хаан болдог уу?Эцэг чинь идэж ууж, шударга ёс болон зөв шударгыг үйлддэггүй гэж үү?Тэгээд л тэр сайн байв.