Иеремиа 10:2-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Үндэстнүүдийн замуудыг бүү сур.Хэдийгээр үндэстнүүд тэнгэрийн тэмдгүүдээс айдаг ч тэдгээрээс бүү ай.

3. Учир нь хүмүүсийн заншил хий хоосон билээ.Яагаад гэвэл энэ бол ойгоос тайрсан мод буюу сийлбэрийн багажаар хийсэн дархан хүний гарын бүтээл юм.

4. Тэд мөнгө болон алтаар чимдэг.Түүнийг ганхуулахгүйн тулд тэд түүнийг хадаас алхаар бэхэлдэг.

5. Тэд өргөст хэмхний талбай дахь мануухай мэт бөгөөд тэд ярьж чаддаггүй.Тэд явж чадахгүй тул тэднийг өргөн зөөх шаардлагатай!Тэд хор учруулж ч чадахгүй, ямар ч сайныг хийж чадахгүй тул тэднээс бүү эмээ”.

6. ЭЗЭН, Тантай адил хэн ч үгүй.Та бол агуу бөгөөд Таны нэр хүч чадлаар агуу юм.

7. Үндэстнүүдийн Хаан, Танаас хэн айхгүй байх билээ?Үнэхээр энэ нь Танд зохистой.Учир нь үндэстнүүдийн хамаг мэргэн хүмүүсийн дунд болон тэдний хамаг хаанчлалуудад Тантай адил хэн ч үгүй.

8. Харин тэд хамтдаа тэнэг бөгөөд төөрөгдлийн ёс журамдаа мунхаг.Тэдний шүтээн бол мод.

9. Давтсан мөнгийг Таршишаас, алтыг Уфазаас авчирч, дархны болон алтны дархны гараар бүтээсэн.Тэдний хувцас нь ягаан болон нил ягаан.Тэд бүгд ур чадвартай хүмүүсийн бүтээл юм.

10. Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан.Тэр бол амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан.Түүний уур хилэнд газар дэлхий хөдөлж,үндэстнүүд Түүний дургүйцлийг тэсэж чаддаггүй.

11. Чи тэдэнд “Тэнгэрүүд ба газрыг бүтээгээгүй бурхад газар дэлхийгээс болон тэнгэрүүдийн доороос устах болно” гэж хэл.

12. Өөрийн чадлаар газар дэлхийг бүтээсэн,Өөрийн мэргэн ухаанаар ертөнцийг тогтоосон нь Тэр билээ.Өөрийн ухаанаараа Тэрээр тэнгэрүүдийг өргөсгөсөн.

13. Түүнийг дуугарахад тэнгэрүүдэд ус шуугидаг бөгөөдТэрээр газар дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг.Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж,Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.

14. Хүн бүр тэнэг бөгөөд мэдлэггүй.Дархан бүр өөрийн шүтээнээрээ ичгүүр болгогддог.Учир нь түүний цутгамал хөргүүд хуурамч бөгөөд тэдэн дотор амьсгал үгүй.

15. Тэд үнэ цэнэгүй, доог тохуу болох бүтээл.Шийтгэлийнхээ үед тэд устах болно.

Иеремиа 10