25. хаан болон түүний зөвлөхүүд, түүний ноёд болон тэнд байсан бүх израильчуудын манай Бурханы өргөөний төлөө өргөсөн мөнгө, алт, сав суулгууд өргөлүүдийг би тэдэнд жинлэж өгөв.
26. Ийнхүү би тэдний гарт зургаан зуун тавин талант мөнгө, зуун талантын үнэтэй мөнгөн сав суулгууд, зуун алтан талант,
27. мянган дарикийн үнэтэй хорин алтан хул, алт мэт үнэтэй гялалзсан хоёр хүрэл савыг жинлэж өгөв.
28. Тэгээд би тэдэнд—Та нар ЭЗЭНд ариун. Сав суулгууд ч ариун. Эдгээр мөнгө, алт нь та нарын эцэг дээдсийн Бурхан ЭЗЭНд сайн дураар өргөсөн өргөл билээ.
29. ЭЗЭНий өргөөний өрөөнүүдэд, Иерусалим дахь Израилийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, левичүүд болон удирдах тахилч нарын өмнө жинлэж өгтлөө тэднийг харж хадгал гэв.
30. Тэгээд жинлэж өгсөн мөнгө, алт ба сав суулгуудыг Иерусалим уруу бидний Бурханы өргөөнд авчрахаар тахилч нар болон левичүүд хүлээн авцгаав.
31. Дараа нь бид Ахава голоос Иерусалим уруу явахаар нэгдүгээр сарын арван хоёронд гарлаа. Манай Бурханы мутар бидний дээр байсан бөгөөд Тэр биднийг замын дагуух отолтууд болон дайсны гараас гэтэлгэв.
32. Ийнхүү бид Иерусалимд ирж, тэнд гурав хоног байлаа.
33. Тэгээд дөрөв дэх өдөр нь мөнгө, алт ба сав суулгуудыг бидний Бурханы өргөөнд тахилч Уриагийн хүү Меремотын гарт жинлэж өгөв. Түүнтэй хамт Финехасын хүү Елеазар байсан бөгөөд тэдэнтэй хамт левичүүд болох Иешуагийн хүү Иозабад ба Биннуин хүү Ноадиа нар байв.
34. Бүх зүйлсийг дугаарлаж, жинлэж, мөн бүх жин хэмжээг нь тэр үед тэмдэглэж авсан юм.
35. Олзноос ирсэн цөлөгдөгсөд Израилийн Бурханд шатаалт тахилуудыг өргөв. Бүх Израилийн төлөө арван хоёр бух, ерэн зургаан хуц, далан долоон хурга, нүглийн төлөөх тахилын арван хоёр ухна энэ бүгдийг ЭЗЭНд шатаалт тахил болгон өргөв.
36. Тэгээд тэд Евфрат мөрний тэртээх мужуудын захирагчид ба хааны засаг ноёдод хааны зарлигийг уламжилсан бөгөөд тэд хүмүүсийг болон Бурханы өргөөг тэтгэн туслав.