1. Дараа нь Тэр намайг зүүн зүг уруу харсан ариун газрын гадна талын дааман хаалгаар буцаан авчирсан бөгөөд хаалга нь хаагдсан байв.
2. ЭЗЭН надад айлдахдаа—Энэ дааман хаалга хаалттай байх ёстой. Энэ нь нээгдэж болохгүй, хэн ч үүгээр орох ёсгүй. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН үүгээр орсон юм. Тийм учраас энэ нь хаалттай байх ёстой.
3. Ноёны хувьд гэвэл, тэр ЭЗЭНий өмнө талх идэхийн тулд ноён шиг тэнд суух болой. Тэр нь дааман хаалганы үүдний танхимаар орон, бас түүгээр гарч явах ёстой гэв.
4. Дараа нь намайг Тэр хойд дааман хаалгаар өргөөний урд дагуулж ирэв. Намайг харахад, харагтун, ЭЗЭНий цог жавхлан нь ЭЗЭНий өргөөг дүүргэсэн байв. Би нүүрээрээ хөсөр унав.
5. ЭЗЭН надад айлдахдаа—Хүний хүү, ЭЗЭНий өргөөний хамаг тогтоолын тухай болон түүний бүх хуулийн талаар Миний чамд айлдах бүгдийг зүрхэндээ тогтоон, нүдээрээ үзэж, чихээрээ сонс. Өргөөний үүдийг ариун газрын бүх орох үүднүүдтэй хамт зүрхэндээ тогтоо.
6. Тэрслэгчид болох Израилийн гэрт чи хэлэхдээ “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Израилийн гэр ээ. Та нарын бүх жигшүүр нь хангалттай юм.
7. Ингэхдээ зүрхэндээ хөвч хөндүүлээгүй, махан биедээ ч хөвч хөндүүлээгүй харь хүмүүсийг Миний ариун газрыг бузарлуулахаар тэнд байлгаж, түүгээр ч барахгүй Миний хүнс болох өөх, цусыг өргөх үедээ Миний өргөөг бузарлахаар та нар тэнд оруулсан. Учир нь та нарын хамаг жигшүүр дээр нэмж тэд Миний гэрээг хүчингүй болгосон.
8. Та нар Миний ариун зүйлсийн үүргийг өөрсдөө сахилгүй, харин Миний ариун газрын үүргийг сахиулахаар харь хүмүүсийг та нар тавив».
9. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Зүрхэндээ хөвч хөндүүлээгүй, махан биедээ ч хөвч хөндүүлээгүй ямар ч харь хүн, Израилийн хөвгүүдийн дунд буй бүх харь хүнээс нэг нь ч Миний ариун газарт орж болохгүй.
10. Харин Израилийг төөрч явахад Надаас холдсон бөгөөд өөрсдийн шүтээнүүдийн араас дагаж Надаас төөрсөн левичүүд нь өөрсдийн гэм буруугийн төлөө шийтгэлийг үүрэх ёстой.
11. Гэсэн ч тэд өргөөний дааман хаалганд харуул хийж, өргөөнд үйлчлэн Миний ариун газарт үйлчлэгчид байх ёстой. Тэд ард түмний төлөө шатаалт тахил ба тахилыг нядалж, ард түмэнд үйлчлэхээр тэдний өмнө тэд зогсох болно.
12. Тэд өөрсдийн шүтээнүүдийн өмнө ард түмэнд үйлчилж, Израилийн гэрт гэм буруугийн бүдрүүлэх чулуу болсон учраас, тиймийн тул тэд өөрсдийн гэм буруугийн төлөө шийтгэл үүрэх ёстой хэмээн Би тэдний эсрэг тангарагласан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
13. «Тэд Надад тахилчаар үйлчлэхийн тулд Надад ойртох ёсгүй, Миний ариун юмсын алинд ч, хамгийн ариун юмсад ч ойртож болохгүй. Харин тэд өөрсдийн ичгүүр болон өөрсдийн үйлдсэн жигшүүрт үйлсийг үүрэх ёстой.
14. Гэсэн ч өргөөний үүрэг болох түүний бүх үйлчлэл ба тэнд хийгдэх ёстой бүхнийг хийлгэхээр Би тэднийг томилох болно.
15. Харин Израилийн хөвгүүдийг Надаас төөрч явсан үед, Миний ариун газрын үүргийг сахисан, Задокийн хөвгүүд болох Левийн тахилч нар нь Надад үйлчлэхээр Надад ойртох болно. Тэд Надад өөх, цусыг өргөхөөр Миний өмнө зогсох ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
16. «Тэд Миний ариун газарт орох ёстой. Тэд Надад үйлчилж, Миний үүргийг биелүүлэхийн тулд Миний ширээнд ойртох ёстой.