1. Дараа нь тэр зүүн зүг уруу харах дааман хаалга уруу намайг дагуулж ирэв.
2. Харагтун, Израилийн Бурханы цог жавхлан зүүн зүгээс ирж байв. Түүний дуу нь их усны чимээ мэт агаад дэлхий Түүний цог жавхланд гэрэлтэв.
3. Энэ нь миний үзсэн үзэгдлийн дүртэй адил бөгөөд хотыг Тэр устгахаар ирсэн үед миний үзсэн үзэгдэлтэй адил байв. Үзэгдлүүд нь Хебар голын дэргэд миний үзсэн үзэгдэлтэй адил байсан. Би нүүрээрээ хөсөр унав.
4. ЭЗЭНий цог жавхлан нь зүүн зүг уруу харсан дааман хаалгаар өргөөнд орж ирэв.
5. Сүнс намайг өргөж, доторх хашаа уруу авчрав. Харагтун, ЭЗЭНий цог жавхлан өргөөг дүүргэв.
6. Дараа нь миний хажууд нэг хүн зогсож байх зуур өргөөнөөс хэн нэгэн надад өгүүлэхийг би сонсов.
7. Тэр надад—Хүний хүү, энэ бол Израилийн хөвгүүдийн дунд Миний мөнхөд орших газар буюу Миний сэнтийний газар, Миний хөлийн ул гишгэх газар юм. Израилийн гэр болох тэд ч, тэдний хаад ч өөрсдийн садар самуун явдал болон үхсэн хаадынхаа хүүрүүдээр Миний ариун нэрийг дахин бузарлахгүй.
8. Мөн Би болон тэдний хооронд хана төдий байхаар өөрсдийн босгыг Миний босгоны дэргэд, өөрсдийн хаалганы хүрээг Миний хаалганы хүрээний дэргэд босгосноороо бузарлахгүй. Тэд өөрсдийн үйлдсэн жигшүүрт үйлсээр Миний ариун нэрийг бузарласан. Ийнхүү Би Өөрийн хилэн дотор тэднийг шатаав.
9. Одоо тэд өөрсдийн садар самуун явдал болон хаадынхаа хүүрүүдийг Надаас маш хол зайлуулаг. Би тэдний дунд мөнхөд орших болно.
10. Хүний хүү чиний хувьд гэвэл, Израилийн гэр өөрсдийн гэм буруунуудын төлөө ичихийн тулд тэдэнд сүмийг дүрслэгтүн. Тэдэнд загварыг хэмжүүл.
11. Хэрэв тэд өөрсдийн хийсэн бүхнээс ичих аваас тэдэнд өргөөний загвар, түүний бүтэц, түүний орох гарах хаалга, түүний хамаг загвар, түүний хамаг тогтоол ба хамаг хуулийг мэдүүл. Тэдний нүдний өмнө үүнийг бич. Ингэснээр тэд үүний бүхэл загвар болон үүний хамаг тогтоолыг сахиж, тэдгээрийг үйлдэх юм.
12. Өргөөний хууль нь энэ буюу. Уулын орой дээрх эргэн тойрны бүх газар нь хамгийн ариун байх ёстой. Харагтун, өргөөний хууль нь энэ буюу.