Езекиел 40:3-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тийнхүү Тэр намайг тэнд авчрав. Харагтун, гартаа олсон хэмжүүр болон хэмжих савааг барьсан нэгэн хүн тэнд байсан бөгөөд түүний дүр нь хүрэл мэт дүртэй ажээ. Тэр үүдэнд зогсож байв.

4. Тэр хүн надад—Хүний хүү, миний чамд үзүүлэх гэж байгаа бүхнийг нүдээрээ харж, чихээрээ сонсон, түүнд анхаарлаа хандуул. Учир нь чамд үүнийг үзүүлэхийн тулд чамайг энд авчирсан. Чи үзэх бүгдийгээ Израилийн гэрт мэдүүл гэж хэлэв.

5. Харагтун, тэнд сүмийн гадна талд хүрээлсэн нэгэн хэрэм байв. Тэр хүний гарт зургаан тохой урттай хэмжих саваа байв. Тохой бүр нь нэг тохой, алганы энгийн хэмжээтэй аж. Тэрээр хэрмийн зузааныг хэмжихэд нэг саваа болж, түүний өндөр нь нэг саваа болов.

6. Тэгээд тэр зүүн зүг уруу харах дааман хаалга уруу очиж, шатаар нь өгсөж, дааман хаалганы босгыг хэмжихэд түүний өргөн нь нэг саваа болсон. Нөгөө босгоны өргөн нь ч нэг саваа байв.

7. Харуулын өрөөний урт нь нэг саваа, өргөн нь нэг саваа байв. Харуулын өрөөнүүдийн хооронд таван тохой байв. Дотор тал уруу харсан дааман хаалганы үүдний танхимын дэргэдэх дааман хаалганы босго нь нэг саваа байв.

8. Тэгээд тэр дотор тал уруу харсан дааман хаалганы үүдний танхимыг хэмжихэд нэг саваа байв.

9. Тэрээр дааман хаалганы үүдний танхимыг хэмжихэд найман тохой байв. Түүний хажуугийн багананууд хоёр тохой байв. Дааман хаалганы үүдний танхим нь дотор тал уруу харсан байв.

10. Зүүн зүг уруу харсан дааман хаалганы харуулын өрөөнүүд нь хоёр талдаа гурав гурваар байсан. Тэд гурвуулаа адил хэмжээтэй байв. Хажуугийн багананууд ч бас хоёр талдаа ижил хэмжээтэй байв.

11. Тэрээр үүдний өргөнийг хэмжихэд арван тохой, дааман хаалганы урт нь арван гурван тохой байв.

12. Харуулын өрөөнүүдийн урд, аль аль талд нь нэг тохой өргөнтэй тусгаарлах хана байв. Харуулын өрөөнүүд нь дөрвөлжин, тал бүрдээ зургаан тохой байв.

13. Тэрээр нэг харуулын өрөөний дээврээс нөгөө харуулын өрөөний дээвэр хүртэл дааман хаалгыг хэмжихэд, нэг хаалганаас эсрэг талын хаалга хүртэлх өргөн нь хорин таван тохой байв.

14. Тэр хажуугийн баганануудыг жаран тохой өндөр болгов. Дааман хаалга нь эргэн тойрондоо хашааны хажуугийн багананууд уруу тэлжээ.

15. Орох дааман хаалганы урд талаас дааман хаалганы дотоод танхимын урд тал хүртэл тавин тохой байв.

16. Харуулын өрөөнүүд уруу болон дааман хаалганы дотор талд эргэн тойронд буй хажуугийн багананууд уруу нь харсан сараалжтай цонхнууд байсан ба үүдний танхимуудад мөн тийм байв. Дотор талын эргэн тойронд ч цонхнууд байлаа. Хажуугийн багана бүр дээр далдуу модыг сийлсэн байв.

17. Тэгээд тэр намайг гаднах хашаа уруу авчрав. Харагтун, тэнд эргэн тойронд хашаанд зориулж хийгдсэн танхимууд болон засмал зам байв. Гучин танхим нь засмал зам уруу харж байв.

18. Засмал зам нь (энэ нь доодох засмал зам) дааман хаалгануудын хажуу талаар дааман хаалгануудын урттай тэнцэж байв.

Езекиел 40