Езекиел 40:22-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Түүний цонхнууд, түүний үүдний танхимууд, далдуу модны сийлбэрүүд нь зүүн зүг уруу харсан дааман хаалгатай адил хэмжээтэй байв. Долоон гишгүүрээр өгсөж түүнд хүрэх ба тэдгээрийн урд талд үүдний танхим нь байв.

23. Дотор хашаа нь зүүн зүгийнхтэй адил хойд зүгийн дааман хаалганы харалдаа дааман хаалгатай байв. Тэрээр хэмжсэнд дааман хаалганаас дааман хаалга хүртэл зуун тохой байв.

24. Дараа нь тэр намайг өмнө зүг уруу дагуулж явахад, харагтун, тэнд өмнө зүгт дааман хаалга байсан. Тэрээр хажуугийн багананууд болон үүдний танхимуудыг адилхан хэмжүүрээр хэмжив.

25. Дааман хаалга болон үүдний танхимууд нь эргэн тойрондоо мөнөөх бусад цонхнуудтай адил цонхнуудтай байв. Урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой байв.

26. Тэнд түүн уруу өгсөх долоон гишгүүр байсан бөгөөд тэдгээрийн урд үүдний танхимууд нь байв. Түүний хоёр талын тус бүрийн хажуугийн багананд далдуу модыг сийлсэн байв.

27. Дотор хашаа нь өмнө зүг уруу харсан дааман хаалгатай байв. Тэрээр өмнө зүгийг чиглэн дааман хаалганаас дааман хаалга уруу хэмжихэд зуун тохой байв.

28. Дараа нь тэр намайг өмнөд дааман хаалгаар дотор хашаанд авчрав. Тэрээр өмнөд дааман хаалгыг мөнхүү адил хэмжүүрээр хэмжив.

29. Түүний харуулын өрөөнүүд бас хажуугийн баганууд, үүдний танхимууд нь бусадтай адил хэмжээтэй байв. Дааман хаалга болон үүдний танхимууд нь эргэн тойрондоо цонхтой байв. Тэр нь тавин тохой урт, хорин таван тохой өргөн байв.

30. Тэнд эргэн тойронд үүдний танхимууд байсан бөгөөд урт нь хорин таван тохой, өргөн нь таван тохой байв.

31. Түүний үүдний танхимууд гаднах хашаа уруу харсан байв. Түүний хажуугийн баганануудад далдуу модыг сийлсэн байсан ба түүний шат нь найман гишгүүртэй байв.

32. Тэр намайг дотор хашааны зүүн талд дагуулж ирэв. Тэрээр мөн адил хэмжээгээр дааман хаалгыг хэмжив.

33. Түүний харуулын өрөөнүүд бас хажуугийн багананууд нь, үүдний танхимууд нь мөн адил хэмжээтэй байв. Дааман хаалга болон түүний үүдний танхимууд нь эргэн тойрондоо цонхтой байв. Тэр нь тавин тохой урт, хорин таван тохой өргөн байв.

34. Түүний үүдний танхимууд нь гаднах хашаа уруу харжээ. Түүний хоёр талд хажуугийн баганууд дээр далдуу модыг сийлсэн байсан ба шат нь найман гишгүүртэй байв.

35. Дараа нь тэр намайг хойд дааман хаалга уруу авчрав. Тэрээр түүнийг мөн адил хэмжээгээр хэмжив.

36. Түүний харуулын өрөөнүүдийг, хажуугийн баганануудыг, үүдний танхимуудыг хэмжив. Дааман хаалга нь эргэн тойрондоо цонхтой байв. Урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой ажээ.

37. Түүний хажуугийн багананууд нь гаднах хашаа уруу харжээ. Түүний хоёр талд хажуугийн багананууд дээр далдуу модыг сийлсэн ба шат нь найман гишгүүртэй байв.

38. Үүд бүхий танхим нь дааман хаалган дахь хажуугийн баганануудын дэргэд байв. Тэнд тэд шатаалт тахилыг угаадаг.

Езекиел 40