Езекиел 39:12-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Газар нутгийг цэвэрлэхийн тулд долоон сарын туршид Израилийн гэр нь тэднийг булшилсаар байх болно.

13. Тэр нутгийн хамаг ардууд ч хүртэл тэднийг булшлах болно. Би Өөрийгөө алдаршуулах өдөрт энэ нь тэдний нэр алдрын төлөө байх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

14. «Тэр нутгаар байнга дайран явах хүмүүсийг тэд тусгаарлаж, өнгөрөн явсан хүмүүсийг булшилж, бүр газрын гадарга дээр үлдсэнийг ч булж, түүнийг цэвэрлэх болно. Долоон сарын төгсгөлд тэд хайгуул хийнэ.

15. Нутгаар дайран өнгөрөгчтэй адил өнгөрөн явж, хүний ясыг үзсэн хэн нэгэн нь булшлагчид түүнийг Хамон-гогийн хөндийд булах хүртэл нь тэр түүний дэргэд тэмдэг босгох болно.

16. Хотын нэр нь ч хүртэл Хамона гэгдэх болно. Ийнхүү тэд нутгийг цэвэрлэх болно» хэмээжээ”.

17. Хүний хүү, чиний хувьд гэвэл, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Аливаа төрлийн шувууд болон хээрийн аливаа араатанд хэлэгтүн. «Цугларч ирцгээ. Та нар мах идэж, цус уухын тулд Израилийн уулсын дээрх агуу тахил болгон Би та нарын төлөө өргөх гэж байгаа Миний тахил уруу тал бүрээс цуглар.

18. Та нар хүчит эрсийн махыг идэж, дэлхийн ноёдын цусыг уух болно. Тэд хуцнууд, хурганууд, ухнууд ба бухнууд мэт бөгөөд тэд бүгд Башаны таргалуулсан мал мэт юм.

19. Тийнхүү Би та нарын төлөө өргөсөн тахилаас минь та нар цадталаа өөх идэж, согттолоо цус уух болно.

20. Та нар Миний ширээнд морьд ба тэрэгчид, хүчит эрс ба бүх дайчдаар цадах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

21. «Би үндэстнүүдийн дунд Өөрийн цог жавхланг илэрхийлнэ. Бүх үндэстэн Миний хэрэгжүүлсэн шүүлтийг болон тэдний дээр тавьсан Миний мутрыг харах болно.

22. Тэр өдрөөс хойш Израилийн гэр нь Намайг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

23. Израилийн гэр нь Миний эсрэг тэрсэлсэн учраас өөрсдийн хууль бусын төлөө цөлөгдсөн бөгөөд Би тэднээс Өөрийнхөө нүүрийг нуусан гэдгийг үндэстнүүд мэдэх болно. Тиймээс Би тэднийг дайснуудынх нь гарт өгсөн ба тэд бүгд илдэнд унасан юм.

24. Тэдний бузар болон тэдний гэм буруугийн дагуу Би тэдэнтэй харьцаж, Өөрийн нүүрээ тэднээс нуусан билээ»”» гэв.

25. Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Эдүгээ Би Иаковын олзлогдогсдыг буцааж, Израилийн хамаг гэрийг өршөөх болно. Би Өөрийн ариун нэрийн төлөө хартай байх болно.

26. Тэд төрөлх нутагтаа амар тайван амьдарч, тэднийг айлгах хүнгүй болох үед Миний эсрэг тэрсэлсэн хамаг тэрслүү үйлсээ, гутамшгаа тэд мартах болно.

27. Би тэднийг ард түмнүүдийн дундаас буцааж, дайснуудынх нь газраас тэднийг цуглуулах үед Би олон үндэстнүүдийн нүдний өмнө тэднээр дамжуулан ариусгагдах болно.

28. Тэгэхэд тэд Намайг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Учир нь Би тэднийг үндэстнүүдийн дунд цөллөгт явуулсан бөгөөд дараа нь тэднийг төрөлх нутагт нь дахин цуглуулсан. Би тэднээс нэгийг нь ч тэнд цаашид үлдээхгүй.

29. Би хойшид Өөрийн нүүрийг тэднээс нуухгүй. Учир нь Би Израилийн гэр дээр Өөрийн Сүнсийг асгах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Езекиел 39