Езекиел 39:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хүний хүү чи Гогийн эсрэг эш үзүүлэн, өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Рош, Мешех болон Тубалын ноён Гог оо. Би чиний эсрэг байна.

2. Би чамайг эргүүлж, чамайг тууж, умардын хамгийн алслагдсан хэсгээс чамайг авч, Израилийн уулсын эсрэг авчрах болно.

3. Би чиний зүүн гараас нумыг чинь цохин унагаж, чиний баруун гараас сумнуудыг чинь авч чулуудна.

4. Чи болон чиний хамаг цэргүүд, чамтай хамт буй ард түмнүүд нь Израилийн уулс дээр унах болно. Би чамайг аливаа төрлийн махчин шувууд болон хээрийн араатанд идэш болгон өгөх болно.

5. Чи задгай талд унана. Учир нь Би үүнийг айлдсан байна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

6. «Би Магог дээр болон арлуудад тайван амьдарч буй хүмүүсийн дээр гал илгээх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

7. Би Өөрийн ариун нэрийг Миний ард түмэн болох Израилийн дунд мэдүүлэх болно. Миний ариун нэр дахин бузарлагдахыг Би зөвшөөрөхгүй. Үндэстнүүд Намайг Израилийн Ариун Нэгэн болох ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

8. Харагтун, тэр нь ирж байгаа бөгөөд биелэгдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Тэр бол Миний айлдсан тэр өдөр мөн билээ.

Езекиел 39